Хурц арслан Ө.Батзул, сумын заан С.Сүхбат нар түрүүллээ
2022/03/14

Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч амралтын өдрүүдэд хоёр барилдаан боллоо. Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат аймгийн арслан Ж.Сүхбатын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Бямба гаригт болов. Энэхүү барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Батзул түрүүлж, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, аймгийн арслан Э.Баасанжав үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар, Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Д. Батбаатар нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн заан Э.Батмагнай, аймгийн начин Д.Цэнд-Аюуш, сумын заан Ө.Батсуурь нар үлдэв.

Харин Ням гаригт сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болж, 704 бөх авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдав. Энэ бол Монгол бөхийн өргөөнд сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд хамгийн олон бөх зодоглосон тохиолдол байлаа. Энэхүү барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан С.Сүхбат арав даван анх удаа ижил цолтнуудынхаа барилдаанд түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Б.Бат-Эрдэнэ мөн анх удаа үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын наадмын хоёр түрүүтэй заан Т. Лхагвасүрэн шалгарсан бол шөвгийн тавд Төв аймгийн Баянхангай сумын харьяат, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Э. Чойням, Завхан аймгийн Отгон сумын харьяат, сумын наадмын дөрвөн түрүүтэй заан Г.Анх-Эрдэнэ, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, сумын заан Н. Баяржаргал нар үлдлээ.

Дараагийн барилдаан ирэх Пүрэв гараг буюу гуравдугаар сарын 17-нд 12:00 цагаас “Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404