УИХ-ын дарга Г.Занданшатарын сар шинийн гоёл
2019/02/07

Сар шинийн баяраар монголчууд үндэсний дээлээрээ гоёж, золгодог уламжлалтай. Энэ жилийн хувьд Төрийн гурван өндөрлөг даруу өнгийг сонгожээ. УИХ-ын дарга Г.Занданшатар гал улаан эмжээр бүхий хөх өнгийн дээл, мөн өнгийн сүлжээсэн эмжээр бүхий хөх бүрх малгайгаар  гоёжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол түмэндээ дэвшүүлсэн мэндчилгээндээ, 

Эцэг өвгийн гал голомт Эх орондоо болон дэлхий дахинд ажиллаж, амьдарч буй элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Та бүхэндээ Арвандолдугаар жарны “Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Сар шинийн баяр-Цагаан сарын мэндийг өргөн дэвшүүлж, золбоо хийморь, баяр жаргалыг хүсэн ерөөе.

Улиран одож буй нохой жил монгол хүн бүрийн хичээл зүтгэлээр амжилт ололт арвижиж, ахиц дэвшлийн алхамд тэмүүлсэн, үр өгөөж, буян хишиг дүүрэн жил боллоо. Олсноо бататгах, тогтвортой өсөлтийн суурийг бүрдүүлэх, үр шимийг нь айл өрх, иргэн бүхэнд хүртээх нь Монгол төрийн цаашдын зорилго байх болно. Түүнээс дутуугүй, нийт иргэд, нийгэм даяар хүсэн хүлээж буй чухал зорилт бол шударга ёсыг тогтоох, ёс зүй, хариуцлагыг газар сайгүй хэвшүүлэн мөрдөх асуудал юм.

Монгол хүн монгол газартаа, эрдэнэс баялагтаа эзэн нь байх ёстой. Төр нь түвшин, улс төр эрүүл, хууль ёс алагчлалгүй хэрэгждэг байх нь хөгжил дэвшлийн суурь нөхцөл мөн. Иргэд маань ажил төрөлтэй, тогтвортой орлоготой, амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай. Монгол хүн бүхний итгэл, хүслийг тээсэн эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын үйл ажиллагаа чиглэх болно.

Эв эе, итгэлцэл ойлголцлыг эрхэмлэж, зөв мэргэн, уужим саруул ухаанаар ирээдүйгээ харж, Монголоороо нэг сэтгэл, нэгдмэл итгэлтэй байж, сайхан маргаашийг авчрахын төлөө хамтдаа зүтгэцгээе ээ"  гэжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404