Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг гардууллаа
2019/01/31

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасан юм. 

Зарлигт холбогдох байгууллагын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Богд хааны ордон музейд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Зарлиг гардуулах ёслол Богд хаант Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус”-аар эхэлж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлигийг уншиж сонордуулав.

Зарлигийг уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл шашны бодлогын зөвлөх Ц.Хулан ирсэн зочдын амар мэндийг айлтган мэндчилж, үг хэллээ.                                                                                            

Тэрээр "XV жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ний бэлгэт сайн өдөр монголчуудын үндэсний тэмцэл оргилдоо хүрч, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн тунхагласан билээ. Тэрхүү үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын түүхэнд шинэ эрин үеийг нээсэн юм. Энэ бол Хүннү гүрнээс эхтэй хүний ертөнцөд баатарлаг түүхээрээ гайхагдсан Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомт сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Тэр өдөр монголчууд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилж, улсын нэрийг Монгол, оны цолыг Олноо өргөгдсөн, нийслэл хотыг Нийслэл Хүрээ хэмээн нэрлэж, эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор сэргээн тунхагласан юм.

Жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдөр бидний тэмдэглэж буй Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны баяр бол монголчууд Богд хаан, алтан ургийн хан ноёд, түшмэд, ихэс дээдэс, харц ард, лам хар бүгдээрээ их үйлсийн төлөө зориглон нэгдэж чадсаны үр дүн, монголчууд эв нэгдлийн гайхамшгийг үзүүлж, үндэсний эрх ашгаа эрхэмлэн дээдэлсний илэрхийлэл мөн.

Энэ их түүхэн үйл явдлыг дурсаж, үндэсний баатруудаа эрхэмлэж, үеийн үедээ улс үндсээрээ бахархаж, эв нэгдэл, үндэсний эрхэм үнэт зүйлсээ дээдэлж байх зорилгоор 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гаргасныг өнөөдөр түүхэн ариун дагшин газар Богд хааны ордноос түмэн олноо сонордуулж, холбогдох байгууллагуудад гардуулан өгч байна.

Монголчууд бид эх түүхээ дээдэлж, үндэсний уламжлал, соёл, зан заншлаа эрхэмлэх учиртай болохыг сануулахын тулд энэхүү хааны ордныг сонгон, Ерөнхийлөгчийн зарлигийг Та бүхэнд хүргэж байгаа юм.

Ойн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн кино бүтээх, баримт бичгүүдийн эмхэтгэл, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргахыг Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон байгаа.

Зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхийн ариун дагшин газар, Монгол төрийн эзэн хааныхаа ордны эзэмшил газрын зарим маргаантай асуудалд Засгийн газар анхаарал хандуулж шийдвэрлэнэ гэж найдаж байна"  гэлээ.

Зарлигийг:

  1. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар,
  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр
  3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан
  4. Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл,
  5. Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар,
  6. Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц,
  7. Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо,
  8. Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нат гардуулж өгөв.
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404