УИХ-ын шинэ даргад хэнийг нь сонгох бол...
2019/01/31

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсангүй.  Харин эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр хуралдаж УИХ-ын даргын томилгоог хэлэлцэх сурагтай.  УИХ-ын даргын суудалд горилогсдын тоо олон байгаа учир намын Удирдах зөвлөл ч санал хуваагдаж асуудалтай байгаа аж.  

УИХ-ын даргын суудалд бүлэглэлүүдийн аль нь ч сунгаанаас хоцорсонгүй, өөр өөрийн хүнээ дэвшүүлж байгаа гэнэ. Сунгаанд нэр дэвшигчдийг ахмад болон залуу үеийн гэсэн хувилбараар сонсож байгаа аж. 

Ахмад үеийн төлөөллөөс нэлээд олон  хүний нэр яригдаж байна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэс л  УИХ-ын даргад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яригдаж байсан тэрээр энэ удаад ч түүний нэр түлхүү яригдаж байгаа аж.  Гэвч зарим нөлөө бүхий гишүүд тухайлбал, У.Хүрэлсүхийн шадар гэгдэх тэмцэгч гишүүд Ц.Нямдоржийг илтэд эсэргүүцэж байгаа гэнэ. Шалтгаан нь тэд Ц.Нямдоржийг урваач шарваач басхүү МАНАН угшилтай хэмээн ихээхэн дургүй байгаа бололтой. 

Тэгвэл зарим гишүүд  Сү.Батболд, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Н.Энхболд нарын нэрийг санал болгож тулхтай нуруутай гишүүдээр нэрлэж байгаа аж. Гэвч нөгөө хэсэг нь Д.Лүндээжанцан М.Энхболдын төлөө кноп дарсан, Ө.Энхтүвшин МАНАН гийн хүн тэрээр хуурамч багтан, тэгээд ч Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Н.Энхболдын хувьд саяхан цэрэг амь насаа алдаж, салбар нь асуудалтай байгаа учраас олон нийтэд томилгоо таалагдахгүй байх гэсэн болгоомжлол байгаа юм. Харин Сү.Батболдын хувьд нэгэн үе МАН-ыг удирдаж Ерөнхий сайдаар ажиллаж байсны хувьд арвин их туршлагатай гэж байгаа ч Сү.Батболд өөрөө татгалзаж байгаа сурагтай. 

Ахмадуудтай зэрэгцэн залуу гишүүдийн нэр ч сунгаанд явж байна.  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т. Аюурсайханы нарын нэр хүчтэй яригдаж байгаа гэх. Мөн 60 тэрбумынхнаас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарыг зүтгүүлж байгаа сурагтай. Юутай ч өнөөдөр шинэ даргын нэр тодрох бололтой. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404