УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 32 хуулийн төслийг эцэслэн баталлаа
2021/12/25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явуулж, нийт 32 хуулийн төслийг эцэслэн батлав. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.1 хувь нь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн баталлаа. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл болон холбогдуулан боловсруулсан төслүүд батлагдав.

Хуулийн төсөл эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасан “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” бүрэн эрхийг бодитоор амилуулах, мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 6.2, 25.1.7 болон 28.2-т оруулсан өөрчлөлтийг амилуулж, үр дүнтэй хяналт буюу хянан шалгах бүрэн эрхдээ суурилсан, эргэх холбоотой хууль тогтоох, төлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэх байдлаар Монгол Улсын парламентыг хөгжлийн дараагийн шатанд нь хүргэх зорилготой шинэ хууль батлагдаж байна.

Энэ хууль гарснаар Улсын Их Хурлын гишүүн, түүний цаана ард түмэн төрийн аливаа шийдвэрийн биелэлтийн байдал, хэрэв биелэлт муу бол алдаа, дутагдал, зөрчил, түүний шалтгаан нөхцөл, юу хийвэл тухайн зөрчил нь арилах, гацаа нь гарах талаар бодит зураглал гаргах боломж бүрдэх юм гэдгийг онцлов.

Түүнчлэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон 57 гишүүний 50 нь буюу нийт гишүүний олонх нь, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 57 гишүүний 51 нь буюу нийт гишүүний олонх нь дэмжсэнээр эцэслэн батлав. Мөн дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон холбогдуулан боловсруулсан төслүүдийг баталлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404