УИХ-ын даргыг олонхийн саналаар чөлөөлөх хуулийг баталлаа
2019/01/18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж, энэхүү хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 4-ний өдөр Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболдод өргөн барьсан Өнөөдөр уг хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн юм.

Нэгдсэн хуралдааны эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг танилцуулсан. Асуудалтай холбогдуулж гишүүдийн асуулт хариултыг тоймлоё. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

УИХ-ын удирдлага олонхийн саналаар чөлөөлөгддөг зохицуулалт байх шаардлагатай гэж би үздэг. УИХ-ын даргыг чөлөөлснөөр парламент дархлаагүй болно гэж үзэх гишүүд байна. Гэтэл УИХ-ын дарга нь өөрийгөө институци гээд үзэж, Тамгын газар нь зөвхөн УИХ-ын даргад үйлчилж байна. УИХ өөрөө институци биз дээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

Бид гадаадын жишээг их дурддаг. Хамгийн сүүлд Киргиз парламентын спикерээ 3/2-оор чөлөөлөх заалт оруулсан. УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийг түр эзгүйд орлодог, ҮАБЗ-ийн гишүүн байдаг, Монголбанк, Аудитын газрын даргыг томилдог. Харин АТГ-ын удирдлагыг УИХ-ын дарга томилдоггүй. Төрийн эрх барих хууль  тогтоох дээд байгууллага бол УИХ. Энэ байгууллагын тэргүүн гэж явдаг. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Бид УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох нөхцөлийг хуульчилж өгөх хэрэгтэй. Дархлагдсан Ерөнхийлөгч гэж байхгүй. Нэг гишүүн сайдад хариуцлага тооцох асуудлыг ҮХЦ хүчингүй болгосон. Тэгвэл яагаад 19 гишүүн нэг сайдад хариуцлага тооцох эрхтэй байж болдоггүй юм.  Хэн чанга орилсондоо биш, хэн үнэн ярьсандаа шийдвэр гаргана. МАН-ынхан шийдвэрээ нэг л удаа гарга. Ард түмнээ талцуулах хэрэггүй. 65-уулаа орж ирээд “дарга минь та Ерөнхийлөгч болоорой, дарга минь та УИХ-ын дарга болоорой” гээд байсан. Гэтэл титэм санаа чинь гүнзгийрч байгаа шүү.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

Үе үеийн намын дарга нар УИХ-ын даргын суудалд сууж, хууль тогтоох байгууллага, засгийг хамтад нь удирдаж байсан. 1992 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл санаа 1999 оноос хүчтэй явагдсан. Д.Лүндээ дарга Үндсэн хуулийн өөрчлөлтийн ажлын хэсэгт орж байсан. Гэхдээ дахиад 20-иод жил хүлээх хэрэгтэй болж байна уу, хөгжлөө түргэтгэхэд.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

Манайх 20 жил ярьчихлаа. Нааш цаашаа зохицуулалт хийх бол ард түмний санал асуулгаар шийднэ. Ориганик хуулиудад байгаа өөрчлөлтүүдийг ганц нэг гишүүн биш тал талаасаа барьж хэлэлцэх шаардлагатай.Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 гишүүн буюу 87.8 хувийн саналаар дээрх хуулийн төсөл батлагдав. Хуулийг 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404