УИХ-ын 59 гишүүн 205 ТББ-аар дамжуулан “мөнгө угаадаг”
2021/11/13

Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл, 2020-2024 оны УИХ-ын гишүүд нийт 205 төрийн бус байгууллагыг тэргүүлж, эсвэл ажиллаж байна. Энэ нь энгийн тооцооллоор бол нэг УИХ-ын гишүүний цаана 2.6 төрийн бус байгууллагын эрх ашиг байна гэсэн үг.

Гэтэл зарим төрийн бус байгууллага төсвийн хөрөнгөөр санхүүждэг. Төрийн сангаас санхүүжих төсөл, хөтөлбөрүүдэд ч шалгарч, ажил гүйцэтгэж болдог. Нөгөө талаар УИХ-ын гишүүд өөрсдөө хууль тогтоож, улсын төсвийг баталдаг тул энэ нь ашиг сонирхлын зөрчил болох өндөр үндэслэлтэй билээ.

Түүнчлэн төрийн өндөр албан тушаалтнуудын мөнгө угаах нэгэн хэрэгсэл нь төрийн бус байгууллага болдог. Мөн Монгол Улс ОУВС-гийн Саарал жагсаалтад орсон шалтгаануудын нэг нь энэ гэдэг мэдээлэл бий.

Тэгвэл, 2020 онд Т.Аюурсайхан нарын гишүүд УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Уг төслийн 42-р зүйл, “Гишүүн хавсран гүйцэтгэж болох ажил, албан тушаал” гэсэн хэсэгт “Төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал” гэж нэмсэн юм.

Зарим УИХ-ын гишүүд уг заалтыг эсэргүүцэж байсан ч хууль хэлэлцэн батлагдсан бөгөөд үүгээр хууль эрх зүйн зохицуулалт нь бий болсон юм. Үүний өмнөх хуулиар энэ боломж хаалттай байсан.

Өнгөрөгч 2016-2020 оны парламентад сонгогдон ажилласан УИХ-ын гишүүд нийт 300 гаруй төрийн бус байгууллага төлөөлдөг байсан тухай судалгаа бий.

Доорх инфографикт өнөөгийн парламентын УИХ-ын гишүүд ямар ямар төрийн бус байгууллагыг төлөөлж ажилладгийг харуулж буй. Дээр дурдсан, 2020 онд баталсан нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн барьсан Т.Аюурсайхан гишүүн гэхэд дөрвөн төрийн бус байгууллагыг удирддаг байна.

Харин Э.Батшугар, Ж.Ганбаатар, Б.Энхбаяр нарын 17 гишүүн ямар ч төрийн бус байгууллагатай хамааралгүй байгаа нь ажиглагдаж байгаа юм.

 

Эх сурвалж:eguur.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404