Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны даргыг авлигын хэргээр шүүлээ.
2021/11/13

АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчийг бусдад давуу байдал бий болгосон гэх авлигын хэргээр шүүлээ. Улмаар түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг нь харгалзан үзэж нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.

Тэрбээр уг эмнэлгийн Санхүүгийн албаны дарга, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа өөрийн шууд удирдлагад ажилладаг нягтлан бодогч,  кассын нярав нарын гурван хүнийг байгууллагын хоолны газрын ажилчдын хоолны бэлэн орлогын мөнгийг касст бэлнээр төвлөрүүлж төрийн сангийн дансанд тушаахгүй байх үүрэг өгчээ.

Улмаар 2020 оны наймдугаар сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төвлөрсөн ажилчдын хоолны орлого болох 27,921,400 төгрөгийг бэлнээр авч, төсвийн шууд захирагчийн зөвшөөрөлгүй, тендер зарлаж гэрээ байгуулалгүйгээр 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр өөрийн охины найз “Төгс Ай Кү” ХХК-ийн захиралд  шилжүүлэн өгч давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ийн шүүсэн. Улмаар тэнсэн харгалзах ял оноосноос гадна нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан байна.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404