Г.Дамдинням гишүүний хамаарал бүхий компани хайгуулын тусгай зөвшөөрөл ХАМЖ, АТГ-т шалгуулж байна
2021/11/10

УИХ-ын гишүүний хамаарал бүхий компани хайгуулын тусгай зөвшөөрөл хамж аваад түүгээрээ АТГ-т шалгагдаж байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны долдугаар сарын 27-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох СШ-57 сонгон шалгаруулалт зарласан байна. Сонгон шалгаруулалтын үнийн саналыг 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр нээжээ.

12 ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗ ЗАРЛАГДСАНААС НАЙМЫГ НЬ ХАМЖЭЭ-

Тус сонгон шалгаруулалтад “Милонит” ХХК, “Мөнх-Аялал” ХХК, “Бронзикейстл” ХХК, “Суфу” ХХК, “Говь караван” ХХК зэрэг таван компани оролцсон байна. Улмаар 12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт явагдсанаас НАЙМАН талбайд “Говькараван” ХХК компанид илт давуу байдал олгон шалгаруулсан аж. Энэ нь УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хамаарал бүхий компани. Бүр тодруулбал, түүний эхнэр Ц.Уянгын ахынх нь компани аж. Компанийн хувь эзэмшигч Б.Бадангийн Батбаатар нь түүний хамаарал бүхий хүн юм.

Г.ДАМДИННЯМ ГИШҮҮНИЙ ГЭРГИЙ Ц.УЯНГЫН АХЫНХ НЬ КОМПАНИ-

Компанийн тухай илүү тодруулбал, 5528437 регистрийн дугаартай эл компани 2011 оны арваннэгдүгээр сарын 02-нд үүсгэн байгуулагдсан тухай мэдээлэл хуулийн этгээдийн улсын бүртгэлд байна. Хувьцаа эзэмшигчээр Тэрбишийн Говьдэлгэр, Борхүүгийн Гантулга, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг гэх гурван хүний нэр болоод “Лодика Инвестмент” гэх аж ахуйн нэр бүртгэлтэй байгаа юм. Харин гүйцэтгэх захирлаар Тэрбишийн Говьдэлгэр гэх нэр бүртгэлтэй байна. 2016 онд бизнесийн болоод уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх гэж бүртгүүлж байсан бол 2021 оны есдүгээр сарын 24-нд геологийн суурь судалгаа, зөвлөгөө өгөх, гэрээгээр өрөмдлөг хийх гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлсэн байна.

Хачирхалтай нь улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь мэдээллээ өөрчлүүдсэн нь анхаарал татав. Сарын өмнө компанийн хувьцаа эзэмшигчээр Бадангийн Батбаатар, Лодика Инвестмент гэх бүртгэл харагдаж байсан бол одоо дээр дурдсан дөрвөн хувьцаа эзэмшигч бүртгэгдсэн байгаа юм. Мөн Хувьцаа эзэмшигчдийн дунд бүртгэгдсэн Жүгдэрнамжилын Эрдэмбилэг нь “Говь караван холинг” гэх компанийн ч хувь эзэмшигч аж.

АТГТ АСУУДАЛ НЬ ШАЛГАГДАЖ, ХЯНАГДАЖ БАЙНА-

Хамгийн ноцтой нь энэхүү тендерийн мэдээлэл эхнээсээ олон нийтэд хаалттай юм шиг хэрнээ нээлттэйгээр зарлагддаг.

Энэхүү 12 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад оролцсон бусад компаниуд шударга бус хариу сонссон учир хуулийн байгууллагад ханджээ. Тэд АТГ-т хандсан бөгөөд тус газраас сонглн шалгаруулалтыг хянаж үзэх шаардлагатай, ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлалтай гэж үзсэний үндсэн дээр шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд, УИХ-ын гишүүнээр нэр дэвшихдээ гаргаж өгсөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгтээ “Вертекс майнинг партнерс” ХХК-ийн 20 хувь, “Хера инвестмент” ХХК-ийн 10 хувийг эзэмшдэг гэдгээ мэдүүлж байв. Харин УИ-ын гишүүн болоод “Марка коиба” ХХК, “Оргилфинанс” ХХК, @Топ майнинг солюшнс” ХХК, “ВМП” ХХК, “Хера инвестмент” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХК зэрэгт хувьцаа эзэмшдэг хэмэээ мэдүүлжээ. Тэрбээр 2017 оноос Канад Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай “Прокон Майнинг Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад Их хуралд сонгогдсон билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404