"Ерөнхийлөгч байгалийн баялагтаа эзэн монгол амлалтаа мартчаад тэрбум мод яриад явж байна"
2021/10/07

Хуулийн төсөлд дараах зүйл заалтыг оруулсан нь гишүүдийн анхаарлыг ихээр татаж байна.  

Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтыг 50 мянган ам.доллараас доошгүй байх нөхцлийг заах нь тохиромжтой юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээтэй холбоотой дээрх 100 мянган ам.долларын шаардлага нь анхлан бага хэмжээтэй хөрөнгө оруулалт хийсний үндсэн дээр цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх эсэхээ шийдэх сонирхолтой байгаа хөрөнгө оруулагч нарт бэрхшээл учруулж болох талтай бөгөөд төлөөлөгчийн газарт хөрөнгө оруулалтын хэмжээтэй холбоотой хязгаарлалт байдаггүй, энэ статусаар үйл ажиллагаа явуулбал Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэн орлого олох эрхгүй байдаг байна.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Хөрөнгө оруулалтын доод хэмжээг 50 мянган ам.доллараас доошгүй байх нөхцлийг зааж өгчээ. Энэ талаар тодорхой тайлбар авмаар байна. Гадаад хөрөнгө оруулагч болох босгыг хэтэрхий хөнгөлж байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Монгол Улсад хөрөнгө оруулалтын хэмжээгээр нэгдүгээрт Канад улс жагсдаг. Хоёрдугаарт БНХАУ эзэлж байна. 100 мянган ам.доллартай холбоотойгоор ялгаварлахгүй байх зарчим алдагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдаа ялгаварламааргүй байна. Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагч нараас гомдол ирэх тохиолдол багагүй байдаг. Мөн 100 мянган ам.долларыг түр дансанд байршуулдаг. Энэ нь ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлж байгаа шүү дээ. Өнгөрсөн 2020 онд Монголд гадаадын хөрөнгө оруулалтай 70 компани байгуулагдсан маш бага тоо. Хөрөнгө оруулагч болгон 100 мянган ам.доллар байршуулах ёстой болдог. Энэ нь эргээд асуудал үүсгэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хөрөнгө оруулалтын босгыг байхгүй болгох, оршин суух зөвшөөрлийг шийдэх нь тодорхой дэмжлэг үзүүлэх байх. Гэхдээ эдгээр асуудлыг шийдээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэвэл том эндүүрэл. Монголын маш олон хууль тогтоомжид тээг байна. Үүнийг арилгахгүй бол гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй гэж бизнесийнхэн ярьдаг. Хоёрдугаарт гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн том айдас бол авлига, төрийн дээд албан тушаалтнуудын дээрэм. Солонгос, Японы хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн олон кейс бий. Энэ асуудлыг засаж сайжруулах тал дээр ямар зүйл заалт тусгагдсан бэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголын төрд итгэх итгэлийг хэрхэн олж авах вэ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:Энэ хуулийн төсөл дэх гурван өгүүлбэрээр бизнесийн орчныг эрүүлжүүлэх ямар ч боломжгүй, бүх асуудлыг өргөс авч байгаатай адил авах боломжгүй. Бид алхам алхмаар урагшилж байна. Дээрэм, авлига бол шүүхийн журмаар явах ёстой. Хуулийн гол зарчим нь гадаад дотоодын хөрөнгө оруулагч гэдгээр нь ялгаварлахгүйгээр дэмжиж явах юм. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бид нар 10 жилийн хугацаанд 10 тэрбум эдийн засагт гацчихаад байна. Үүнийг тэлэх нэг арга бол гадаадын хөрөнгө оруулалт. Гадаадын хөрөнгө оруулалтаар ам.доллар орж ирнэ шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг авахын давуу тал нь зээл биш учир өр үүсэхгүй. Хөрөнгө оруулагч өөрөө харицлагаа үүрнэ. Жижигхэн эдийн засагтай манай улсад энэ бол эдийн засгаа тэлэх гарц. Азийн хөгжилтэй орнууд хөрөнгө оруулалт татаж чадснаар өдий хэмжээнд ирсэн. Юун цагаачид орж ирэх. Юун улс орны аюулгүй байдал. Дандаа ийм популизм ярьж болохгүй. Европын орнууд дотроо чөлөөтэй зорчдог шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: 2013 онд гадаадын хөрөнгө оруулалтын босготой холбоотой хууль батлагдсанаас хойш хөрөнгө оруулалт буурсан нь үнэн. Гэхдээ үүн дотор анализ хийж үзэх хэрэгтэй. Босгыг нь 50 мянган ам.доллар болгочихоор маргаашнаас эхлээд гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж горьдоод хэрэггүй. Ямар ч логикгүй байна. Аль салбарт хичнээн хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт багассан гэдгийг судлах хэрэгтэй шүү дээ. 100-г 50 болгосноор эсвэл эхнэр, нөхөр нь байнгын оршин суугчийн визтэй болгосноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж бодохгүй байна. Гол асуудал нь хээл хахуулиа болиул. Чаддаггүй юм бол багасга. Ерөнхийлөгч монгол хүн байгалийн баялагтаа эзэн болно гэж дэмий юм ярьсан. Одоо үүнийгээ ажил болго. Гэтэл түүнийгаа мартчихаад тэрбум мод яриад явж байна. Мөн хулгайгаа боль. Хүний эрх, эрх чөлөөг хүндэл. Иргэнээ хүндэлж чаддаггүй хүнд ямар улс орон хөрөнгө оруулалт хийхэв дээ. Юунд гадаадын хөрөнгө оруулалт оруулах вэ гэдгийг сайн ярилцаж судлах хэрэгтэй. 

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал,

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)
  • Монгол Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудал
  • УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсоно.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404