Телевизийн нэрт хөтлөгчийг 150 сая доллар завшсан хэрэгт буруутгав
2021/09/22

Мексикийн телевизийн нэрт хөтлөгч Инес Гомез Монтыг 150 орчим сая ам.доллар шамшигдуулсан хэрэгт буруутгажээ. Vice-д мэдээлснээр, тэрбээр цагдаагаас нуугдаж, нөхөр, өмгөөлөгч Виктор Мануэль Альварес Пугагийн хамт эх орноосоо дүрвэсэн байна.

Мексикийн эрх баригчид 2016, 2017 онд сайхь эхнэр, нөхөр хоёрыг их хэмжээний мөнгө завшсан гэж үзжээ. Тэд банкны бичиг баримт хуурамчаар үйлдэн, 1500 гаруй гүйлгээ хийж, 3 тэрбум песо буюу ойролцоогоор 146 сая ам.доллар завшсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн байна. Түүний нөхөр Альварес Пуга өмнө нь залилангийн хэрэгт холбогдсон ч шүүх хурал болж байгаагүй аж.

Цагдаа нар хөтлөгч болон түүний нөхрийг хууль бусаар хөрөнгөжсөн, их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутган баривчлах зөвшөөрөл авахаар төлөвлөж байсан аж. Энэ сарын 14-ний өдөр нэрт хөтлөгчтэй хамтран ажиллаж байсан нэгэн ажилтан хосууд АНУ руу дүрвэсэн тухай мэдэгджээ.

Орон нутгийн прокурорын газраас Интерпол руу Монт, Пугу нарыг эрэн сурвалжилж, шилжүүлэн өгөх хүсэлт илгээжээ. Мексикийн эрх баригчид тэднийг АНУ-д орогнож байж болзошгүй хэмээн таамаглаж буй бөгөөд тус улсад хэд хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг гэж үздэг байна.

Монт 1990-ээд онд өсвөр насандаа Мексик, Америкт алдаршчээ. Улмаар телевизийн цуврал кинонд тоглож, олон тооны ток шоу, спортын тойм нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан аж. Өдгөө 38 настай мексик бүсгүйг инстаграмд дагагчдын тоо ​​2.3 сая давжээ.

Эх сурвалж: VICE

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404