10000 маск аян өрнөж байна
3 сарын өмнө

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Талст худалдааны төв хамтран "10,000 маск" аяныг өрнүүлж байна.

"Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь эхчүүд, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудалд онцгой анхаарч, шийдвэрлэхийн тулд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажилладаг. Ээжүүд эмэгтэйчүүд бид утааны хор хөнөөлөөс балчир үрсээ бага ч атугай хамгаалах хамгийн ойрын алхам “Шүүлтүүртэй маск зүүлгэж хэвшүүлэх” хэмээн үзэж “10,000 маск аян-“ыг санаачилсан юм. “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны санаачилгыг “Талст” худалдааны төвийн хамт олон дэмжин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Зурагт орчмоор, мөн БГД-ийн Ерөнхий боловсролын 54-цогцолбор сургууль, СХД-ийн Зүүн салаа орчимд байрлах 170-р цэцэрлэгийн хүүхдүүдэд шүүлтүүртэй маскийг тараалаа.

“Талст” дэлгүүр дотооддоо хандивын хайрцаг байршуулдаг. Энэ хайрцагтаа тус дэлгүүрээс худалдан авалт хийсэн хүн болгоны орлогоос 500 төгрөгийг хийдэг байна. Ийнхүү 2 орчим жилийн хугацаанд цугларсан мөнгийг ямар үйл ажиллагаанд  зарцуулбал зохистой талаар өөрийн пэйж хуудсаар олон нийтийн санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцсон хүмүүсээс  “Утааны хор хөнөөлөөс болж хохирч буй бага насны хүүхдүүдийг маскжуулах аян өрнүүлэх нь зөв гэсэн  санал дийлэх хувийг эзэлсэн учраас Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгыг дэмжихээр шийдсэн” хэмээн  тус дэлгүүрийн эзэн Д.Мөнхгэрэл мэдээлсэн юм.

Тус маск нь  АНУ-д цэргийн зориулалтаар ашигладаг нүүрсэн шүүлтүүртэй. Агаарын хамгийн жижиг бактерийг ч шүүж чадахуйц сайн чанарын маск гэдгийг Талст худалдааны төвийн ажилтан онцолсон юм. Агаарын бохирдол ихтэй байгаа энэ үед та  бүхэн бидний санаачилгыг дэмжин өөр өөрсдийн бололцооны хэрээр хүүхдүүддээ маск зүүлгэж хэвшүүлээрэй.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404