Хотын дарга хол биш хажууд чинь байна
2018/12/26

Хэдхэн хоногийн дараа Нийслэлчүүд шинэ Мээртэй болно.  Далд сунгаа явагдсаар л байгаа бололтой.  Хотын дарга Су. Батболд ажлаа өгснөөс хойш  хэчнээн ч горилогч тодров.

Таамагт багтаж байгаа кандидатуудын одоогийн нөхцөл, байр суурийг авч үзэхэд Мээрийн шалгуур босго давчих хүн үнэндээ байхгүйтэй адил.  Горилогчдын дунд том бүлэглэлийн гарын хүн ч нэр цохиж явна лээ.  Удахгүй тодрох  Хотын дарга  Ерөнхий сайдтай гар сэтгэл нийлж ажиллахаас гадна   бүлэглэлийг сөрөх хүч, нийгэм эдийн засгийн хүндрэлийг давах зоримог шийдэлтэй, ажлын туршлагатай хүн байх ёстой. Нөгөө талаар хотын бэрхшээл иргэдийн тулгамдсан асуудлыг сайн мэдэхийн хэрээр асуудлыг хэрхэн давах, яаж зохицуулах арга замыг төвөггүй шийдэх арга туршлагатай, басхүү асуудлаа шийдүүлэхэд нам улстөрд нөлөөлөх зангараг нөлөөтэй хүн байх ёстой.

Горилогсод бүгд л өөрсдийгөө хотын амьдрал мэддэг гэцгээх аж.  Үнэндээ хотын амьдрал мэднэ гэдэг хотод ажиллаж амьдардаг эсвэл хотын асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээгээр гар бие оролцсоноор дүгнэх хэрэг биш. Аж ахуйн ажилтай зууралдаж үзсэн, сайн муугаар хэлүүлж нухлуулсан, иргэдтэй ойрхон "тулж" үзсэн хүнийг хэлэх бол уу. Тийм ч учраас Хотын даргыг холоос томилох биш хурал дотроосоо сонгох нь нийслэлийнхний эрх ашигт нийцнэ.

НИТХ-ынхан “дараагийн Мээрийг дотроосоо томилох ёстой” гэсэн бичгийг Төв нам руугаа өгөөд байгаа. Дотроосоо  сонгохоор шийдчихвэл намын бүлгүүдтэй хэл амаа ололцож чадах, төрийн болоод намын ажлын туршлагаар  бусдадаа амаа таглуулаад байхааргүй, нас тогтсон хүнээр харвал яах аргагүй Г.Төмөрбаатар юм. Дүүргийн намын хорооны дарга, СБД-ийн Засаг дарга, Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга гээд түүний нам төрийн ажил албанд зүтгэсэн хугацаа чамлалтгүй. 

Гарам дээр морио сольдоггүйтэй адил Хотын даргыг гаднаас бүү томилоосой гэсэн иргэдийн хүлээлт буйг хурлын төлөөлөгчид ч мэдэрсэн биз ээ. Юутай ч НЗД-ын томилгоо  хотынхны  амьдралд төдийгүй  ах намын сонгуулийн дүнд жин дарах хариуцлагатай сонголт байх юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404