Ерөнхийлөгчийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ
2021/07/08

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ НАМРЫН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ

"Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийн талаар байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЖАРГАЛ: 

-Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого бариад буй. Энэ чиглэлээр их хурлаас бодлогын ямар баримт бичиг гарч, зохицуулалт хийх юм бэ. Хүнд үйлдвэрийн тухай хууль намрын чуулганд орж ирж батлагдаж байж, 2024 онд үр дүн гарч ирэх юм биш үү. Тиймээс энэ хуулийг нааш нь татаж, хэлэлцэх асуудал байна уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: 

-Нийтдээ 245 тогтоолын төслийг тусгуулах саналаа албан бичгээр ирүүлсэн. Шинэ дэгийн хуулийн дагуу ирэх чуулганаар хэлэлцэх асуудлаа баталж хэлэлцдэг болсон. Чуулган завсарлахаас долоо хоногийн өмнө гэсэн хуулийн хугацаатай. ТББХ-д албан бичгээр ирүүлэх ёстой гэсэн санал ирсэн. Саяны хөнгөн үйлдвэрийн тухай хуулийн төсөл, төсөвтэй холбоотой асуудал тусаад явж байна. Ер нь бол энэ жил дэгийн хууль өнгөрсөн жилээс мөрдөгдөж эхэлсэн.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ: 

-Хаврын чуулган нэлээд онцлогтой ялангуяа,  хүний эрхийг дээдэлсэн, чухал алхмыг хийсэн. ХЭҮК-ийн олон нийтийн өмнө томилсон. Түүнчлэн хүний эрхийг дээдэлсэн хэд хэдэн зүйлийг хуульчилснаараа хаврын чуулган хүний эрх талдаа сайн ажилласан.Намрын чуулган дээр хүнээ дээдэлсэн их хурлын чуулган болох хэрэгтэй байна. Ингэхийн тулд тодорхой хэмжээнд,  жишээ нь НДС-аас тэтгэвэр тэтгэмж, олгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн дагуу долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр тогтоодог байсныг таван жил болгохгүй бол НДШ-ийн шимтгэл төлсөн хүмүүсийн тэтгэвэр авах байдал хохироод байна. Дунджаар 100 гаруй мянгаар бага тэтгэвэр олгоод байна. Гэвч энэ төсөл олонхийн санал авч чадаагүй. Дээрх хууль бол иргэдэд хамгийн урам зоригийг нэмсэн, амьдралын баталгаа болох ёстой шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

 Б.Пүрэвдорж гишүүний ярьсан зарчимтай санал нийлж байна. Хүний эрхийг дээдлэх, хүн төвт төрийн бодлого баримтлахад санал нэг байна. Гурван янзын хуулиуд орж ирж байгаа. Намрын ээлжит чуулганаар тусгайлан батлах хууль орж ирж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүний хууль тогтоомжид нийцүүлэх, түүнтэй холбоотой авах арга хэмжээ гээд 30 гаруй хуулийг ярина. Үүнд Ерөнхийлөгчийн хуулиас авахуулаад багтсан.  Дараа нь хэлэлцүүлгийн шатанд буй хуулийн төслийг хэлэлцэнэ. Б.Пүрэвдорж гишүүний санаачилсан хуулийг намрын чуулганд хэлэлцэх боломж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: 

-Шинэ Үндсэн хуультай холбоотойгоор хуульд өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага өндөр байгаа. Жагсаалтыг сая авлаа. Намрын чуулганаар худалдааны хуулийг батлах зайлшгүй шаардлагатай. 

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хийлээ.

Төслийн талаар эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа. Тэрбээр “УИХ-ын  12 гишүүн 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагч хуулийн төсөлд Монгол Улсын урт богино, дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг төсөл боловсруулах үйл ажиллагааг ойлгомжтой болгох зэрэг зүйлийг тусгасан” гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:

-Монгол Улсын хөгжлийн бодлого түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Хөдөөгийн хөгжлийн бодлого үүн дээр давхардсан уу. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг бүс нутгийн хөгжлийн бодлого дээрх хуультай хэр уялдаж байгааг асууя.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: 

-2019 онд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахдаа Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцүүлсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсвийг хөгжлийн бодлогод чиглүүлнэ гэж заасан. Үүнтэй холбоотойгоор бодлого, төлөвлөлт тогтвортой байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. УИХ-аас олон төрлийн бодлого, хөтөлбөр хууль гэх бичиг баримтыг цэгцэлж байгаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ДАВААСҮРЭН: 

-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудалд гишүүд анхаараад явж байгааг дэмжиж байна. Хуультай байсан мөртлөө яагаад урт хугацааны төлөвлөгөө дагаж болохгүй байсан юм. Үндсэн хуулиар шийдсэн нь төгс шийдэл биш гэж харж байна. Нэгдүгээрт, энэ хуулийг дагаж мөрдөх ёстой юм шүү гэдэг хариуцлагаа ухамсарласан ёс зүй улс төрчид байна уу. Хоёрдугаарт, үүнийг ажил хэрэг болгох асуудал байгаа юм. Манайд энийг шийдэх яам, бүтцүүд байхгүй.Таван жилээр хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталчихдаг, гэтэл намууд дөрвөн жилээр засаглаж байгаа шүү дээ. Намууд сонгуульд оролцохдоо ард түмний сэтгэл зүйгээр яаж тоглох уу гээд үймүүлдэг. Цэвэр улс төрчидтэй холбоотой асуудал болчхоод байгаа юм. Боловсон хүчнээ бэлтгэе. Бүтцээ бий болгоё.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: 

-Төрийн бодлого тодорхойгүй, тогтворгүй гучин жил явж ирлээ. Бодлого тогтвортой байвал үр дүн хэрхэн гардгийг харж болно. Бодлого тогтворгүй байхад тавдугаар цахилгаан станц, төмөр зам, утаагүй зуух зэрэг байнга өөрчлөгддөг байсан. Ингэхдээ их хурал Засгийн газраар хуульчлаад баталчихдаг. Бодлого тогтворгүй байх асуудлыг хуульчлаагүй байсан. Тиймээс хөгжлийн бодлого тогтвортой байхаар Үндсэн хуульд оруулсан учраас төрийн бодлогыг өөрчлөх юм бол Үндсэн хууль зөрчсөн Засгийн газар болж хариуцлага тооцох асуудал үүснэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАНБААТАР: 

-Өчигдөр байнгын хороогоор Засгийн хуулийг эхлээд хэлэлцсэн. Засгийн хуулийг үндэслэсэн бол зүгээр байсан байх. Гишүүдийн өргөн барьж буй хуулийн гол агуулга бол яам байгуулна, Шадар сайд энэ яамыг толгойлно. Яамны чиг үүрэг сайн гарсан. Үүнийг хэрэгжүүлэх ёстой. Даргын  дэргэдэх 15 хүний зөвлөл байгуулна. Гэхдээ мэдэхгүй. Төрийн захиргааны байгууллага байна гэснийг төрийн захиргааны төв байгууллага гэж өөрчилсөн. Хууль цаг үеэ олоод хэрэгжээсэй гэж хүсч байна. Мэргэжилтнүүд бидэнд байгаа юу.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЧИНЗОРИГ:

-Энэ хуулийг хэлэлцэхийг дэмжиж байна. Засгийн газраас оруулж ирэхдээ хэд хэдэн дутуу зүйл байсан. Нэгдүгээрт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд таван чиглэлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үндэс болгоно гээд оруулчихсан. Тэгтэл бидний баталсан дунд хугацааны болон хэтийн төлөвлөгөө 20:50 үндэслэл болохгүй юм шиг болчхоод байна.Хоёрдугаарт, бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлагатай. Гуравдугаарт, төрийн захиргааны төв байгууллагатай байна гэдгийг хуульчлан оруулж ирмээр байгаа юм. Хэрвээ хөгжлийн бодлого төлөвлөлтийн төрийн захиргааны байгууллагатай болох юм бол бусад Засгийн газрын хуульд өөрчлөлт оруулах асуудал үүсэх байх. Одоогоор бодлогын яам гэсэн статустай явж байгаа.

ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ:

-Засгийн газар хууль биелүүлдэг байгууллага. Иймээс батлагдаад мөрдөгдөж буй хуулийг хэрэгтэй хэрэггүй гэж хэлэх үг байхгүй. Анхаарах асуудал байна. Засгийн газрын хуулийн шинэчилсэн төсөл явж байгаа. Энэ хуулийн төсөлд эдийн засгийн асуудал хариуцсан яам шинээр байгуулах асуудал бий. Тооцоо нь намар батлуулаад ирэх оноос ажиллуулах тооцоотой гарсан. Гаргасан хуулийг боловсронгуй болгох талаар үйл ажиллагаа явуулах байх.Энэ бол шинэ хууль. Нөгөө талаас сүүлийн 30 жилийн Монголын амьдрал бол 300  жилийн дараа бие дааж амьдрах гэсэн оролдлого. 55 хуультай байсан улс одоо 800 гаруй хуулиар зохицуулж байна. Эхний 12 жил картнаас эхлээд ямар ч хөгжилгүй байсан. 2002 оноос хойш урагшаа жаахан алхаж байгаа.

Монгол Улс авто замгүй байсан. Одоо бүх аймгууд холбогдсон. 2007 онд 330 сумын 167 нь харанхуй байсан. Том төслүүдээ хөдөлгөөд хөрөнгөө шийдээд явах бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд сууснаар урагшаа явах бололцоо байна. 1990 онтой одоогийн үеийг харьцуулбал, тэнгэр газар шиг өөрчлөгдсөн.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

-Гаднын улс орны жишээг хөгжлийн тулгуур нь харилцаа холбооны салбар гэдгийг тодотгоод өгчихсөн байдаг. Тэгэхээр Засгийн газар хуульдаа нийцүүлэн төлөвлөгөөгөө танилцуулахдаа харилцаа холбоо бол хөгжлийн хурдасгуур гэж авч үзэж, мэдээллийн технологийг хэрэгжүүлж байгаа юм харагдахгүй байна. Нэг ёсондоо өмнөх хуульдаа хэдэн үг нэмээд яваад байж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ:

-Боловсон хүчин, хүний нөөцийн асуудал үнэхээр чухал байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай маш чухал баримт бичгийг гаргах гээд сууж байна. Төрийн албаны бодлого төлөвлөлт дээр уржигдар ажилласан. Өнөөдөр яам, тамгын газар, агентлагууд хүний нөөцгүй болсон. Тэр хавийн хүмүүсийг хоёр хувааж болохоор. Нэг нь даргын үүдийг сахиж, цаас барьж гүйсэн хүн, үлдсэн цөөн хэсэгт нь хамаг ачаалал ногддог. Яам тамгын газар хүний нөөцөө дээшлүүлмээр байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин92.38.136.69
Будем рады предложить профессиональные услуги: "Ликвидация веб-сайтов вашего конкурента!" Как это возможно выполнить?! - У нас опыт - больше десяти лет. - Секретная технология. - Наращиваем ссылочную массу посредством вирусных и порно ссылок. - Поисковики молниеносно обращают внимание на наши технологии. - Размещенные тексты с интернет сайта спамятся, что сразу делает их неуникальными. - У нас огромные возможности и практический опыт в этом направлении. Стоимость $80 Полн
2021/07/29
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404