Аймгийн түүхт ойг тохиолдуулан 90 залуу өрхөд гэр олголоо
2021/07/06

Өвөрхангай аймгийг үүсгэн байгуулсны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан 90 залуу өрхөд гэр олгох зорилт тавьсан. Энэ хүрээнд өнөөдөр 19 сум тус бүрээс гурван залуу гэр бүлийг сонгож, таван ханатай иж бүрэн гэр гардууллаа.

Амьдралын боломж тааруу, ам бүл олуулаа гэх шалтгаанаар өрх тусгаарлан гарч чадахгүй байгаа залуу хосуудыг сум, багийн судалгаанд үндэслэн сонгосон байна. Гэр олгож буй батламжийг аймгийн удирдлагууд гардуулан өгсөн бөгөөд ИТХ-ын дарга О.Пүрэвдорж “Манай аймаг түүхт 90 жилийн ойн баяр наадмаа цуцлах шийдвэр гаргаж, түүхэн ойг тэмдэглэх төсвийг эрүүл мэндийн салбараа дэмжих, түүх соёл, үнэт зүйлсээ сурталчлан таниулах олон талт үйл ажиллагаа зохион байгуулах, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дэмжих зэрэг бүтээлч ажлуудад зарцуулах болсон. Энэ хүрээнд өнөөдөр орон нутгийнхаа хойч ирээдүй болсон хүүхэд багачуудаа өсгөн бойжуулж, өөрийн ар гэр, амьдрал ахуйгаа өөд татан ажиллаж, хөдөлмөрлөж яваа 90 залуу гэр бүлд гэр гардуулан өглөө” гэв.

Мөн аймгийн Засаг дарга А.Ишдорж “Өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж буй залуучууд маань өрх гэртээ эзэн нь байж, амьдрал ахуйгаа өөдрөгөөр цогцлоон авч явна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404