Алдагдсан нярайн аппаратыг хувийн эмнэлэгт ашиглаж байжээ
2018/12/05

"Өргѳѳ” амаржих газрын нярайн эмчилгээний аппарат алдагдсан гэх хэрэг нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна.

Уг хэргийн тухай гомдлыг “Ѳргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан гаргасан бөгөөд тэрбээр өргөдөлдөө, амаржих газрын нярайн тасгийн эмчилгээ, сувилгаанд ашигладаг шарлагын фото аппарат нэг ширхэг, нярайн ор, тэргэнцэр гэх мэт шаардлагатай тоног тѳхѳѳрѳмж, хэрэглэлүүд алга болсон гэжээ. Мөн нярайн тасгийн эрхлэгч О гэгч нь өөрийн ажиллуулдаг хувийн эмнэлэгтээ дээрх тоног төхөөрөмжүүдийг дур мэдэн ашиглаж байж болзошгүй учир хуулийн дагуу шалгаж өгөхийг хүссэн байна.

Дээрх гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч эхэлсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна. Шалгалтын явцад тус амаржих газрын Нярайн эрчимт эмчилгээний тасгийн дарга О гэгч нь дээрх тоног төхөөрөмжүүдийг хувийн эмнэлэгтээ, ашиг олох зорилгоор ашиглаж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. Өнгөрөгч зургадугаар сард “Өргөө” амаржих газар тооллого явуулахад тоног төхөөрөмжүүд бүрэн байсан гэх ба аравдугаар сард дахин тооллого явуулахад дутсан гэх мэдээлэл байна.

Сүүлийн жилүүдэд дѳнгѳж тѳрсѳн нярай хүүхдүүд биологийн шарлалт ихтэй тѳрж байгаа боловч улсын эмнэлгүүдийн хүчин чадал, тоног төхөөрөмж хүрэлцээ муутай гэх мэдээлэл гарч байсан. Гэтэл нярай хүүхдэд нэн шаардлагатай, актлагдаагүй байсан аппаратыг хувьдаа ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт зааснаар Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцогдох юм. Тус заалтад, Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээжээ.

Эх сурвалж: Зиндаа.мн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404