Цэц нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов
2018/11/30

Үндсэн хуулийн цэцэд хандаж нэр бүхий иргэд  Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна гэсэн өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ.

Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан юм.

Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авч хэлэлцэж улмаар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн тогтоол гаргажээ. Иймээс Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн  Их суудлын хуралдаанаар уг маргааныг хяналтын журмаар дахин хянан үзэж, эцэслэн шийдвэрлэв.

Хуралдаанаас “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь  Үндсэн хууль зөрчсөн тул тогтоолыг хүчингүй болгож, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн  УИХ-ын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгов.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404