ИЗНН Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцжээ
2018/11/21

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ М.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг эсэргүүцэж байна Иргэний Зориг Ногоон нам Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд,

Монгол Улс урагшлах бус дотоод зөрчилтэйгээ зууралдан хөгжих боломжоо өдөр, хоногоор алдсаар байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд улс орны эрх ашиг гэхээсээ өөрсдийн амь зуулга, эрх ашгийг ямагт урьтал болгон эрх мэдэл, албан тушаалын төлөө үхэлдэн зууралдаж, төрийн машин зүй ёсоор ажиллах чадваргүй боллоо. Үр дүнд нь ШУДАРГА ЁС тэдэнд ялагдсаар байна.Нийгэм тэсрэхэд бэлэн болжээ. Эрх мэдлийн төлөөх өөр хоорондын толхилцоон нь хэдэн ч Засгийн газрыг огцруулаад үр дүн гаргахгүй бөгөөд төрийн тогтолцооны гажуудлыг засахгүйгээр МОНГОЛ ТӨР хэвийн, тогтвортой, хариуцлагатай, итгэлтэй ажиллах боломжгүй юм.

Иргэний Зориг Ногоон нам Монгол орны ахуй, ёс заншил, уламжлалыг шингээсэн төрт Улсаа эмхлэх үүднээс өнөөгийн Улсын Их Хурлыг нэн даруй тарааж, Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргаа, нийгмийн давхаргын төлөөлөл оролцсон Түр хурлыг байгуулж, Үндсэн хуулийг шинэчлэх саналаа дахин нотолж байна. Иймд Түр хурлын бэлтгэл ажлыг хангах, нийгэмд тулгамдсан өдөр тутмын ажлаа хуульд зааснаар хэрэгжүүлэхийг М.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газарт үүрэг болгон Улсын Их Хурал сайн дураараа тарах нь зөв гарц болно гэж Иргэний Зориг Ногоон нам үзэж байна хэмээн дурджээ.

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404