Ц.Болд: Жолоочийн эрүүл мэнд болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тээврийн компани хариуцдаг
2018/11/20

Монгол Улсын эрдэс баялгийн экспортын гол боомт болох Гашуунсухайтад нүүрс тээвэрлэсэн автомашинуудын урт цуваа үүсээд байна. Энэ талаар “Гашуун Сухайт Авто Зам”  ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Болдтой ярилцлаа.

 

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замаар өнөөдрийн байдлаар хэчнээн хэмжээний нүүрс экспортод гарсан бэ. Экспортын хэмжээ сарын дунджаар харьцуулахад өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан уу?

-Энэ оны оны арваннэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 15.1 сая тонн нүүрс Гашуунсухайт боомтоор экспортод гаргаад байна. Өнгөрсөн онтой харьцуулахад нүүрсний экспортын сарын дундаж гаргалт нэг их зөрүүгүй байгаа.

-Өнөөдрийн байдлаар уг боомтоор нэвтэрсэн нүүрс тээвэрлэсэн автомашины тоо өмнөхөөс хоёр дахин багассан байна шүү дээ. Экспорт төлөвлөсөн хэмжээнд хүрэх боломж бий юү?

-Өнгөрсөн онд Гашуунсухайтын боомтоор нийт 17.1 сая тонн нүүрс экспортолсон. Харин одоогийн байдлаар БНХАУ-ын талаас гаалийн татан авалт эрс багассанаас нүүрсний экспорт тасалдаж магадгүй нөхцөл байдал харагдаж байна. Энэ жилийн хувьд уг боомтоор сард дунджаар 1.1-1.5 сая тонн нүүрс гаргаж байгаа. Уг нь энэ эрчээр явбал өнгөрсөн оныхоос экспортын хэмжээ буухгүй гэсэн тооцоо бий л дээ.

-Нүүрс тээвэрлэсэн автомашины урт цуваа үүсэх болсон шалтгаан нь юу вэ?

-Энэ сарын 01-нийг хүртэл өдөртөө 1200-1300 тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол одоо боомтоор өдөртөө 550-650 нүүрс тээвэрлэсэн машин нэвтэрч байна. БНХАУ-ын тал пүү эвдэрсэн, жолооч нарын карт болон машины чип шинэчилсэн зэрэг гаалийн программдаа өөрчлөлт оруулсан шалтгаанаар  нэвтрүүлэх хэмжээ саармагжаад байгаа. Ер нь Хятадын хилээр нэвтрүүлэх үзлэг шалгалт ч бас чангарсан. Тиймээс урт  дараалал үүсэх болсон нь Монголын талаас шалтгаалсан зүйл байхгүй гэсэн үг.

-Монголын талаас энэхүү асуудлыг шийдвэрлэх боломж бий юу. Холбогдох байгууллагууд ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн пүрэв гарагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дээр энэ асуудлаар холбогдох байгууллагууд уулзалт хийж, хэд хэдэн төрлийн арга хэмжээ авахаар тохиролцсон. Тухайлбал, шөнийн цагийн ачилтаа багасгах, уртын урт чиглэлийн хэмжээг эрс  багасгах, ачаатай болон хоосон машинуудыг цагийн хуваарьт оруулахаар болсон. Мөн гаалийн байгууллагаас өмнөх өдөр нь хилээр нэвтэрсэн машины тоотой уялдуулан манифест, лацаа тараах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон. Уурхайгаас  нүүрс ачсан машинуудыг Цагаан хад руу буулгахад нь тодорхой цагт оруулах, Цагаан хаднаас нүүрсээ ачаад боомт руу явах гэж байгаа машинуудыг тодорхой цагт зам дээр гаргах байдлаар график гаргаж шийдэхгүй бол түгжрэл үүсч зам хаагддаг юм. Мөн хугацаа нь дуусч байгаа С зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдсэн.

-Нүүрсний тээвэрлэлт аль болох их байвал эдийн засгийн ач холбогдолтой хэдий ч,  тээврийн хэрэгслийн тоо хэт их байгаа нь урт дараалал үүсэх гол шалтгааны нэг байх. Одоогоор хэчнээн аж ахуйн нэгж нүүрс тээвэрлэж байна вэ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто зам дээр  өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 161 аж ахуйн нэгжийн 13079 тээврийн хэрэгсэл 24 цагаар нүүрс тээвэрлэлт хийж байна. Өнгөрсөн оны тавдугаар сарын 01-ний байдлаар 74 аж ахуйн нэгжийн 6747 машин явж байсан. Сүүлийн жилүүдэд нүүрс тээвэрлэх сонирхолтой байгууллагын тоо эрс нэмэгдсэн нь үүгээр харагдаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд эдгээр 13079 тээврийн хэрэгслээс 6000 орчим нь Автотээврийн үндэсний төвөөс С зөвшөөрөл авч олон улсын тээвэр хийх эрхтэй байдаг. Бусад буюу 7000 гаруй автомашин нь дотоодын тээвэр хийх зөвшөөрөл бүхий богино рейсийн тээвэрлэлт хийж буй автомашин байна.

-Түгжрэл дарааллыг тодорхой хэмжээнд цэгцлэхэд жолооч нарын амралтын төв их ач холбогдолтой гэж ярьж байгаа. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд очиж боомтын байдалтай танилцсаны дараа Засгийн газраас хоёр ч шийдвэр гарсан. Энэ дагуу Гашуунсухайт боомтыг хөгжүүлэх талаар хийж байгаа ажилд ямар ахиц гарав?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээвэр, хөгжлийн сайд болон УУХҮ-ийн сайд нар боомтын ажиллагаатай танилцсан. Нүүрсний тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарахыг Ерөнхий сайд даалгасан. Засгийн газрын шийдвэрийн дагуу Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын хоёр дахь км дээр 1000 машины зогсоол, 228 дахь км дээр 2800 машины зогсоол буюу амралт үйлчилгээний цогцолбор баригдаж байна. 228 дахь км дэх цогцолбор нь эмнэлгийн болон цагдаагийн байртай, нэг удаад 300 хүн зэрэг хооллох хүчин чадалтай хоолны газар, 200 хүний үзвэрийн танхимтай байх юм. Энэ төв дээр цаашдаа жолооч нарт  Нийгмийн даатгалын  нэг цонхны үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа.

-Хэзээ ашиглалтад орох вэ?

-Ирэх арванхоёрдугаар сарын 20 гэхэд авто зогсоолын эхний ээлжийг ашиглалтад өгнө. Харин ирэх оны гуравдугаар сарын 01 гэхэд иж бүрнээр нь ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Зогсоолууд ашиглалтад орсноор оочер дараалал эмх цэгцэндээ орж, осол аваар ч багасна.

-Осол аваар олон шалтгаантай байх аа. Гэхдээ “Эрдэнэс Монгол” компаниар их овоглогдох юм?

-Манай гэрээт цагдаагийн тасгийн гаргасан тоогоор энэ оны эхний 11 сарын байдлаар 464 осол зөрчил гарсан. Эдгээр зөрчлийн 90 гаруй хувь нь жолоочийн сонор сэрэмжгүй хариуцлагагүй байдал, бүрэн бус техникээс шалтгаалсан байдаг. Урсгал сөрж эсрэг талын машинтай мөргөлдөх, мөргөлдөхөөс зайлуулж замын хажуу руу унах, тоормосгүй машинтай хөдөлгөөнд оролцох, зогсож байсан цувааны араас мөргөх, тоормосгүйн улмаас зам хөндлөн гарч байсан мал, амьтныг дайрах, хулгайн замаар давхих, архи согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гарах зөрчлүүд их бий. Гэрээт цагдаагийн тасгийнхан маань осол зөрчил бүрийг өдөр минуттай нь бүртгэж, зургаар баримтжуулж, холбогдох байгууллагад шилжүүлдэг. Жолоочийн амь нас, эрүүл мэнд болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тээврийн компани хариуцахаар холбогдох гэрээнд тусгасан байдаг.

“Эрдэнэс Монгол” компани бол манай замын үндсэн хөрөнгийг эзэмшигч компани. Замын арчлалт, засвар үйлчилгээ, зохион байгуулалтыг манай компани хариуцдаг. Зам дээр удаа дараа гараад байгаа осол аваар, урт очер дараалал зэргийг арилгах үүднээс “Эрдэнэ Монгол” ХХК, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК тухай бүр зохицуулалтыг хийж, аль болох түргэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Үүний нэг жишээ бол Автотээврийн үндэсний төвтэй нүүрсний уурхайнууд болон манай компани хамтран “Хамтран ажиллах гэрээ” байгуулж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар үйлчилгээ, оношилгооны төвийг байгуулах, шаардлагатай бусад зохицуулалтыг хийж байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газартай 2018 оноос эхлэн “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, хэв журмын зохицуулалтыг гэрээт цагдаа нараар хийлгэж байна.

-Жолоочийн амь нас, эрүүл мэнд болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг тээврийн компани хариуцахаар холбогдох гэрээнд тусгасан байдаг гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай компанийн тээврийн компанитай байгуулдаг Авто зам ашиглалтын гэрээнд зам ашиглагчийн үүргийг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Тээврийн компани автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах зориулалтын засвар, үйлчилгээний байгууламж, гараж, талбай, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдсан, тэдгээр нь найдвартай ажиллагаатай байх, автотээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдалд тогтмол хяналт тавьж, засвар үйлчилгээ, техникийн хяналтын үзлэгт тогтоосон хугацаанд бүрэн хамруулж байх үүрэгтэй байдаг. Мөн энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын замаар зорчих, тээвэрлэлт хийх, хөдөлгөөнд оролцох хариуцлагын гэрээг ч байгуулдаг.

-Гэрээт цагдаагийн тасаг хэчнээн хүнтэй ажилладаг вэ? Цагдаагийн тасаг сайн ажиллаад зөрчил их илрүүлээд байна уу, тээвэрлэдэг ААН-үүд олон болчихоод зөрчлийн тоо ихэсчихэв үү?

-Гэрээт цагдаагийн тасаг 26 хүнтэй. Үүнээс 13 нь хэв журмын, 13 нь замын цагдаагийн ажилтнууд юм. Гэмт хэргийг гарахаас нь өмнө зөрчлийг олж илрүүлэх нь цагдаагийн байгууллагын ажлын сайн үзүүлэлтэд тооцогддог. Гэрээт цагдаагийн тасаг ажилласнаас хойш зам дагуу хоолны газар мухлагаар зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа эмх замбраагүй зардаг байсныг зогсоосон. Хулгайн замаар замбараагүй давхидаг зөрчил ч багассан.

-Замын эвдрэл, үүссэн нүх ховилоос болж осол гарлаа гэх мэдээ харин дуулдахгүй болсон байна шүү. Энэ жилийн олон удаагийн үерээс болж эвдэрсэн замууд бүрэн засагдаж дууссан уу?

-Энэ жил ойрын жилүүдэд ороогүй их хэмжээний усархаг аадар бороо орж байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үерийн улмаас манай замын 36 хэсэгт их, бага хэмжээний эвдрэл гарч таван газарт нэг чиглэлийн урсгал бүрэн эвдэрч унасан. Бид үерийн хохирлыг арилгах зорилгоор гурван газарт ус зайлуулах хоолойг шинээр хийж, гурван газарт далан өндөрлөх ажлыг хийсэн. Эдгээр ажлууд бүрэн дууссан. Гэхдээ энэ байгалийн давагдашгүй хүчин зүйл болох үер буусан өдрүүдэд манай хамт олон нэг ч өдөр нүүрсний экспортыг зогсоогоогүй. Түр зам гаргах, шороо буулгаж тэгшлэх гэх мэтээр нүүрс тээврийн эрчмийг бууруулалгүй шуурхай ажиллаж, өдөр бүр 1200-1300 машин гаргаж байлаа.   Засвар гүйцэтгэлийн ажил бүрэн дуусаж Улсын комисс хүлээж авсан.

Ер нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсний эрчмийг сулруулахгүй шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авсан нь гааль, хилийн цэрэг, холбогдох яамдууд, уурхайнууд, Автотээврийн үндэсний төв, сум орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайн байгаатай холбоотой гэж бодож байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам нь стратегийн ач холбогдол бүхий экспортын зориулалттай тусгай зам. Энэ зам найдвартай ажиллагааг хангахад замын бүрэн бүтэн байдал хамгийн чухал байх. Цаашдаа замын засвар, үйлчилгээг одоо байгаа түвшинээс сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийгдэх вэ?

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам нь анх 2014 онд ашиглалтад орсон. Энэ зам ашиглалтад орсноос өнөөг хүртэлх хугацаанд 60.5 сая тонн нүүрс тээвэрлээд байна. Энэ хугацаанд замын бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг цаг алдалгүй арилгаж байсан. Иргэд олон нийтийн дунд нэг буруу ойлголт яваад байгаа юм шиг надад санагддаг юм. Манай зам бусад орон нутгийн чанартай замуудаас онцлогтой. Байнгын 24 цагийн турш, тасралтгүй хүнд даацын ачаатай машинууд зорчиж байгаа. Иймээс замын эвдрэл гэмтэл их гардаг. Тэр бүхнийг өвөл, зуны аль ч улиралд шуурхай засаж янзлах хэрэг гардаг. Бид энэ зун Японы технологиор хийсэн хүйтэн асфальтаар зам дээр гарсан нүх, эвдрэлүүдийг нөхөх ажлыг хийж туршсан. Мөн Монголд үүнтэй ойролцоо технологиор асфальт хийж байгаа “Битумина” компанийн асфальтыг ашиглах туршилт хийсэн. Одоо өвлийн улиралд энэ асфальтаар зам засварын ажил хийж туршихаар бэлтгэж байна.

Зам засвар арчлалтыг гүйцэтгэх төв байгуулах саналыг орон нутгаас болон зарим нүүрс тээвэрлэгч компаниудаас “Эрдэнэс Монгол” компанид гаргасан юм байна лээ. “Эрдэнэс Монгол” компаниас саналыг судалж үзэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг энэ сардаа багтаан дүгнэлтээ танилцуулна гэсэн мэдээллийг авсан. Ер нь зам засвар арчлалтад бид байнга анхаарч байгаа. 2017  онд 11,2 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээний ажил хийсэн бол 2018 онд 18 тэрбум төгрөгийн засвар хийгдээд байна. Яг одоо “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг 2019 оны бизнес төлөвлөгөө боловсруулахтай холбогдуулан манай компанийн холбогдох хүмүүстэй хамтран Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дээр 2019 онд хийгдэх ажлын тоо хэмжээг нарийвчлан гаргахаар ажиллаж байна.

/Ярилцлагын төгсгөлд Ц.Болд захирал Гашуунсухайт боомтоос тайлан мэдээ авлаа. 2018.11.17 ны 18.30 цагийн байдлаар Гашуунсухайт авто зам дээр 110 км урт дараалал үүсээд байгаа аж/  

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404