Дэслэгч генерал Д.Давааг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018/11/15

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Давааг өөр албан тушаалд томилогдон ажиллах гэж буйтай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатыг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Дуламсүрэнгийн Давааг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд томилуулах асуудлыг зөвшилцөх саналаа 2015 оны зургадугаар сард УИХ-д хүргүүлсэнтэй холбогдуулж түүнийг томилсон байдаг.

Д.Даваа нь Монголын ардын армийн 162 дугаар ангид хүнс, хувцасны албаны даргаар ажлын гараагаа эхэлж ангийн хүнсний хангалтын тасгийн дарга, захирагчийн орлогч, ар талын дарга, Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, ар тал эрхэлсэн дэд захирал, Батлан хамгаалах яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж иржээ. Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч түүнийг батлан хамгаалах салбарт 30 гаруй жил ажилласан, хуульд заасан шалгуурыг хангаж байгаа гэж үзсэн байдаг.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404