Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж байна
2021/03/15

Энэ сарын 13-14-ний өдөр Ховд аймгийн ихэнх нутгаар хүчтэй шороон шуурга шуурлаа. Ингэхдээ салхи 18-20 метр, зарим үед 24 метр хүрч цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдав. 

Зэрэг, Чандмань, Ховд (Дунд-Ус), Дарви, Дуут, Эрдэнэбүрэн, Дөргөн суманд хамгийн хүчтэй шуурсан байна.

Энэ үеэр хүчтэй салхи шуурганы улмаас 8 айлын гэр, 26 айлын хашаа нурж унасан, Дарви суманд зарим нэг авто гараашны дээвэр гэмтсэн гэх урьдчилсан мэдээ гарчээ.  

Өнөөдөр Ховд аймгийн ихэнх нутгаар цас орж байна. Иймээс малчид, иргэд, тээвэрчид сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн Ус цаг орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна.

Цаашид энэ сарын 17-18-нд Алтайн уулархаг нутгаар цас орох төлөвтэй. Салхи зарим газраар 10-12 м\с, Алтайн салбар уулсаар 14-16 м\с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд баруун зүгээс секундэд 4-9 метр байна. 

Мөн агаарын температурын тухайд шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн. Энэ сарын 20-ны өдрөөс Ховд аймгийн нийт нутгаар бага зэрэг дулаарах төлөв ажиглагдаж буй.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404