УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлээ.
2021/03/15

Тэрбээр, УИХ-ын 2020 оны намрын чуулганаар баталсан томоохон эрх зүйн баримт бичиг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах, нийгмийн шударга ёсны захиалгыг хангахад чиглэсэн Шүүхийн багц хууль байсныг онцлов. Энэ сарын 1-нээс уг хууль хэрэгжиж эхэлж байхад шүүх байгууллагын зарим албан тушаалтны нэр холбогдсон шуугиан олон нийтийн дургүйцэл хүргэж буйг тэмдэглэв. Энэ нь шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл бөгөөд, шүүх цэвэрших үйл явц эхэлж байгаагийн шинж хэмээв. Шүүхийн багц хууилар шүүх засаглалын хараат бус байдлыг хангах ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог нээлттэй шалгаруулах, шүүгчид хүлээлгэх хариуцлага, хориглох зүйлийг нарийвчлан тогтоосон гэдгийг тодотгов. Энэ хүрээнд шинэ хуулийг ягштал мөрдөж шүүх засаглалын нэр хүндийг "шавартай хутгаж" буй асуудалд хатуу хариуцлага тооцох ёстой гэдгийг санууллаа. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, "Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, эрүүдэн шүүсэн, хууль бусаар тагнаж чагнасан гэх шүүмжлэлийг батлах эх сурвалж ил болж, түүнд хууль, хүчний байгууллагын албан тушаалтнууд нэр холбогдож шийдвэрлэх явц нь удаашралтай байна. Түүний нэг жишээ нь иргэн Т.Чимгээд өмнө нь илэрсэн болон шинээр илэрсэн нөхцөл юм. Энэ асуудлыг эцэслэн шийдвэрлэх, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх нь төрийн үүрэг. Монгол Улсын нэг ч иргэн хэлмэгдэж болохгүй" хэмээв. 

Мөн УИХ хууль батлахаас гадна Үндсэн хуулиар олгосон үүргийнхээ хүрээнд баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, гүйцэтгэлийг нь шаардах, боловсронгуй болгох чиглэлд тасралтгүй ажиллах ёстойг тэмдэглэв. Тухайлбал, Шүүхийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулах ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг иргэдийн оролцоотой, нээлттэй сонгон шалгаруулж, томилох нь энэ хаврын чуулганы нэг зорилго гэдгийг цохон тэмдэглэв.  Хуульд зааснаар, ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний талыг нь нийт шүүгчид дотроосоо нууц санал хураалтаар сонгох болсныг онцлон сайшаав. 

Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангах 2019 оны 92 дугаар тогтоолд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Ажлын багийг УИХ-ын дэд дарга Т.Аюусаханаар ахлуулан байгуулсныг тэрээр тодотгоод, эхний нааштай үр дүн гарч эхэлж буйг дурдлаа. Баялгийн үр өгөөж иргэдийн сайн сайханд чиглэх ёстойг хэлээд, УИХ, Засгийн газар хамтран цаашид энэ чиглэлд ажиллана хэмээв.

Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулахын тулд, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Нийслэлийн болон хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Газрын тухай, ашигт малтмал, Боловсролын болон нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн багц хууль, Улс төрийн намын тухай, Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэн батлах ёстойг хэллээ. Ингэхдээ, иргэдтэй хамтарч цахим "lawmaker", "lawforum"  системийг ашиглахыг гишүүдэд сануулав.

Боловсролын шинэчлэлийн эрх зүйн өөрчлөлт хийж, сургалтын хөтөлбөр, агуулгаа алсын хараатай тодорхойлж, "сургахаас - суралцахуй" руу шилжүүлж боловсролын бүхий л түвшинд цахим сургалт нэвтрүүлж шинэ тогтолцоон шилжих шаардлагатайг тэмдэглэв. Шинжлэх ухааны салбарыг Монгол Улсыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлтэй нийцүүлж, энэ салбарын дэлхийд өрсөлдөх чанарыг бэхжүүлэх нь нэн чухлыг онцолж, Боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийх багц хуулийг хаврын чуулганааар батлахаар төлөвлөж буйг дуулгалаа. 

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын эрсдэлээс ердийн хэм хэмжээ рүү шилжих дэс дараалалтай бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг хэлээд, цар тахлаас үүдсэн хохирлыг даван туулах, эдийн засгийн өсөлт бизнесийг дэмжих чиглэлээр УИХ-аас баталсан хууль тогтоомжид нийцүүлэн Засгийн газрын 10 их наядын цогц төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх, саад үүсгэхгүй үр дүнд хүргэхийн тулд холбогдох байгууллага, иргэн бүр онцгой анхаарч ажиллах шаардлагатайг УИХ-ын дарга хэллээ. 

Манай улсын экспортын 90 гаруй хувь нь уул уурхайгаас хэт хамааралтай байгаа тул хөгжлийн загвараа шинээр тодорхойлох шаардлагатай гэв. Энэ хүрээнд, дэлхийн эдийн засгийн гайхамшиг гэж хэлдэг Японы хэв загварыг экспорт, үйлдвэрлэлийн дэмжих хөгжлийн шилдэг тогтолцоо бөгөөд,  Монгол Улсад нэн тохиромжтой гэж үзсэн. Гадны хэв загварыг дуурайх бус сайн жишиг туршлагыг Монголын онцлогт тохируулж, Монголын хөгжлийн загварыг бүтээж чадвал ойрын хугацаанд үсрэнгүй хөгжих боломжтой. Иймээс "Алсын хараа-2050" бодлогын баримт бичигтэй нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн яам байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажилахыг эрдэмтэн судлаач, УИХ-ын гишүүдэд уриалав. 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404