НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАРИХ УУ, ИМПОРТЛОГЧДОД ТАТААС ӨГӨХ ҮҮ
2018/11/05

Шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсав.  Жагсаалын ард мөн л “Ардчилсан намынхан зогсож, нефьт импортлогчидтой үгсэн, зохион байгуулалттайгаар турхирч байна" хэмээн иргэд хардав.  Хардах шалтгаан бий.

Шатахууны монопольчид үе үеийн Засгийн газрыг шантаажилж, эргэлтийн хөрөнгийн дутагдлаа нөхүүлсээр ирсэн. 2012-2016 онд тэдэнд зориулж  бүр тусгай хөтөлбөр боловсруулан баталсан. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлж олон тэрбумыг зүгээр л татаас болгоод л өгчихдөг жишиг Засгаас засаг дамжин уламжлал тогтчихсон нь  импортлогчдыг амтшуулжээ.

Энэ удаа ч тэд ээлжит шантаажаа хийж эхлэв. Зарим хэвлэлээр “үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх нь зүйтэй” гээд захиалгатай нийтлээд нэмэр болсонгүй нь өнөөдөр тэднийг ийн жагсахад хүргэсэн хэрэг.

Тиймээс Засгийн газарт бурууг наахаасаа өмнө  “цөөнх”-ийн хүслээр  төгрөг хэвлээд  өгчихвөл “нийт” Монголын эдийн засаг юу болох вэ? гэдгийг санууштай.

Шатахууны монопольчдын шантаажаас гарах ямар арга гарц байна вэ?

Нэгд, өмнөх Засгийн үед хэний ч шийдээгүй зоригтой шийдвэрийг гаргаж нефтийн үйлдвэр барихаар том зорилтыг эхлүүлсэн нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд импортлогчдын төдийгүй бүлэглэлийг сөрсөн том "гэдийлт" байлаа. Одоо  үйлдвэрийн дэд бүтцийн ажил  40 хувьтай явж байна. Энэ бол маш богино хугацааны гүйцэтгэл шүү дээ. Тиймээс Хүкийн Засгийн газар харин ч  БРАВО. 

Хоёрт, Роснефть компанитай хийсэн гэрээг эргэж харах нь зүйтэй юм.  2014 онд буюу АН - ын засаг барих үед өмнөх гэрээг өөрчилж, Сингапурын бирж дээрх баррель нефтийн үнэтэй уяж тооцон, дээр нь Роснефть өртөг зардлаа нэмээд нийлүүлж байхаар  өөрчилсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 4 жилийн өмнөөс  ядуу монгол дэлхийн зах зээлийн өндөр ханшаар шатахуун импортлох болжээ.

Шатахууны үнийг буулгахгүй байх сонирхол хэн нэгэнд байгаад байнаа гэсэн үг.  Яг ийм утгатай үг  2012 онд Ерөнхий сайдын амнаас гарч байлаа.  Тэрээр " Шатахууны үнээ битгий буулгаарай, нэмээд л байгаарай гэж хэлсэн хүн бий. Тэгж хэлсэн хүнийг илчлэхгүй байна" хэмээн ТЕГ-ын дарга н.Гэрэлийг солих үндэслэлийг тайлбарлахдаа хэлсэн байдаг.

Ер нь шатахуун импортлогчид бүлэглэлд харьяалагддаг нь нууц биш болсон. Шатахууны үнээс болж  н.Гэрэлийг сольсон нь тухайн үед шалтаг байсан ч Н.Алтанхуягийн хэлсэн энэ үг маш ноцтой байлаа. Шууд утгаараа бус боловч түүний үг “шатахууны эргэлтийн хөрөнгөө нөхүүлэх замаар бүлэглэлийнхэн том орлого олдог” гэдгийг илчилсэн явдал байв.

Нефьт импортлогчдын зүгээс нефтийн үйлдвэр барих шийдвэрийг эсэргүүцсээр байна. Импортын шатахууныхаа үнийг  хүссэн үедээ нэмдэг, иргэдийг шулдаг, төр засгаа шантаажилдаг, эргэлтийн хөрөнгийн том татаас авдаг байх  мөнхийн бизнесийн хүслээ хэвээр хадгалах гэсэн бүлэглэлийнхний хатуу эсэргүүцэлтэй  Засгийн газар одоо ч тулсаар байна.  Өнөөдрийн үйл явдлын зураглал яг л энэ.  Харин импортлогчдын мөнхийн эрх ашигт дөрөөлөн  Ардчилсан намынхан улс төрийн тоглолт хийж байгаа нь гутамшиг.

Эцэст нь хэлэхэд шатахуун импортлогчид бол бизнес эрхлэгчид. Тийм учраас тэд бизнесийнхээ дүрмээр ажиллах ёстой.  Бизнес ашиггүй байна гэж цаг үргэлж гоншигонон татаас нэхэх атлаа хэдэн тэрбумаар офшоорт бүртгэлтэй эздийг хэдий болтол бид давраах вэ?!

 

 

 

 

 

 


Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404