Баян-Өлгий аймагт PCR шинжилгээ хийх аппарат олгохоор боллоо
2021/01/20

НҮБ-ын Хүн амын сангаас  Монгол улсад дөрвөн PCR шинжилгээний аппарат олгосны нэгийг Баян-Өлгий аймагт  хуваарилсан байна. Ингэснээр Баян-Өлгий аймаг ирэх долоо хоногт PCR шинжилгээний аппараттай болж, шинжилгээний сорьцыг Ховд аймагт илгээхгүйгээр аймагтаа хийх боломж бүрдэх юм.

Эргэн сануулахад энэ сарын 18-ны орой Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, PCR шинжилгээний сорьцийг Ховд аймаг руу илгээсэн билээ. PCR шинжилгээний хариу сөрөг гарсан иргэний 5 өдрийн дам хавьтлын тоо урьдчилсан тооцоогоор 100 гаруй хүн байна.

Хэрэв шинжилгээний хариу эерэг гарсан бол халдвар нэлээн газар авч, маш өндөр эрсдэл үүсэх магадлалтай байв. Тиймээс ард иргэд сонор сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагуудын зүгээс өгч байгаа заавар, зөвөлгөөг ягштал мөрдөх, ялангуяа Улаанбаатар хотоос ирсэн иргэд өөрсдийгөө гэртээ 14 хоног  тусгаарлан иргэний үүргээ биелүүлэх, үүссэн нөхцөл байдалд ухамсартай хандах, эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд тусгаарлалтаас гарахгүйгээр дуудлага өгөх зэргийг хатуу анхаарна уу хэмээн тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404