Сү.Батболдыг 11 сая фунтын үнэтэй орон сууцаа худалдаж, шилжүүлэхийг хориглов
2020/12/23

Энэ сарын 23-ны өдөр Британийн өдөр тутмын "The Times" сонин дээр "Монголын удирдагч 11 сая фунтын орон сууцаа зарахыг хориглов" гэх нийтлэл хэвлэгдэн гарлаа. 

Уг нийтлэлд "Үндэстэн дамнасан 185 сая фунтын авлига болон мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой мөрдөн байцаалтын явц шийдэгдтэл түүний Лондон дахь 11 сая фунтын үнэтэй үл хөдлөх хөрөнгийг царцаасан.Түүний эзэмшдэг орон сууц нь 2005 онд Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн магнат Хенри Ченгийн босгосон Найтсбридж гэх цогцолборт байрладаг бөгөөд Лондон хотын Кенсингтон дүүрэгт буюу хамгийн тансаг зэрэглэлийн орон сууцнууд сүндэрлэсэн газарт байрладаг ажээ. 

Шүүгч Пеллинг "Ноён Батболд болон түүний гэр бүлийнхэн /эхнэр, хүүхэд/ хэрэгт дурдагдсан хоёр орон сууцыг олон жилийн турш байнга ашиглаж байсныг гэрчлэх баримтууд байна" гэж протоколдоо тэмдэглэжээ.Мөн Сү.Батболд нь  хууль бусаар олсон хөрөнгөөрөө Лондонгоос гадна Нью-Йорк, Хонконг, Орос, Тайланд зэрэг газруудад нийт 57 сая ам.долларын үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг цуглуулсан гэх мэдээлэл бий" гэж бичжээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, Оюутолгой болон Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор Монгол Улсад 713 тэрбум 775 сая төгрөг буюу 250 сая ам.долларын хохирол учруулсан гэж үзэж Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, "Эрдэнэт майнинг" корпораци, "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нар Нью Йорк Каунтигийн шүүхэд мөн гомдол гаргаад байгаа юм. Уг хэрэг дээр хариуцагчдаар Сүхбаатар овогтой Батболд, Батболд овогтой Баттүшиг, Чимэд овогтой Ганзориг, Уламбаяр овогтой Туул, Очирбат овогтой Нямдалай, Чон Чүү Ём, Ком Хак Сон, Ким Ёнжун, Ли Ю Чжон, Ри Бён Вүүк, Канг Юн Жу, Балоас Инк., Балоас Лимитед, Ловитас Инк., Ловитас Лимитед, Glowassets Limited нар нэрлэгдсэн.Үүнээс харахад Монгол Улсын Засгийн газар Сү.Батболдын эзэмшлийн гэх орон сууц байрласан улс болгонд гомдол гаргасан байх магадлалтай.

Нью-Йорк Каунтид гаргасан гомдол дээр "Тус нэхэмжлэл нь Монгол Улсын санаачилгаар НПГ-аар хянагдсан тул энэхүү хэрэгт Монгол Улсын бүрэн эрхэнд хөндлөнгөөс оролцоогүй болно" гэсэн байна. Сү.Батболд нь одоогийн байдлаар УИХ-ын гишүүнээр ажиллаж буй. 

Эх сурвалж:unuudur.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404