Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар албан ёсны хэлэлцээ хийв
9 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн бөгөөд өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа Ерөнхийлөгч Анджей Дуда айлчилж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд тодоор бичигдэж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд бат бэх суурь болно гэдгийг талууд  тэмдэглэв.

Дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн томоохон сорилтуудын үр дагавар, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл, бэрхшээлийг хамтын хүчин чармайлтаар давна гэдэгт санал нэгдлээ.

БНПУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, дотно түншийн нэг бөгөөд хүндрэл, бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирсэн.

Тухайлбал, Монгол Улсад суух Элчин сайдын яамаа сэргээх шийдвэрийг 2021 онд гаргаж, төрийн айлчлалын үеэр албан  ёсоор нээж байгаад баяртай байгаагаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлон тэмдэглэв.

Элчин сайдын яамандаа Консулын хэлтэс ажиллуулах монголын талын хүсэлтийг БНПУ 2024 оноос ажил хэрэг болгохоос гадна монгол оюутны тоог нэмэгдүүлэхээ нотлов.

Ингэснээр монгол иргэд БНПУ-д зорчих визээ Монгол Улс дахь Бүгд Найрамдах Чех Улсын болон БНХАУ дахь тус улсын Элчин сайдын яамнаас  авах шаардлагагүй болох юм.

Монгол оюутнууд хоёр орны ард иргэдийг холбох гүүр нь болж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын Парламент, Засгийн газар, төрийн байгууллагууд, иргэд, бизнес эрхлэгч, баялаг бүтээгчид хоорондын харилцаа идэвхжиж, хоёр орны худалдааны эргэлт 100 сая орчим ам.долларт хүрэн, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэнийг талууд онцлов.

Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг эрчимтэй нэмэгдүүлж, томоохон бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, соёл урлаг, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний  хүрээнд хамтран ажиллаж, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр санал нэгдэв.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нээлттэй, олон тулгуурт энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улс нь ардчилсан нийгмийн үнэт зүйлээ хамгаалах, бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй БНПУ-ын бодлогыг хүндэтгэж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ  нотоллоо.

Төрийн айлчлалын үеэр хийсэн хэлэлцээ, харилцан тохиролцсон ажлууд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд төдийгүй, хоёр орны хөгжил цэцэглэлт, нийт ард иргэдийн сайн сайхны төлөө биеллээ олж, харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404