“Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна
10 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаар усны нөөцийг бохирдож, хомсдохоос хамгаалах, усны үнэ цэн, үнэлэмжийг нэмэгдүүлэх, ус хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор салбарын хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, засаглал, бодлогыг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах талаар дараах зөвлөмжийг гаргав.

НЭГ. ХУУЛЬ ЭРХЗҮЙ, ЗАСАГЛАЛЫГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

1.1. Усны салбарын засаглалыг бэхжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудыг цогцоор нь шинэчилж сайжруулах;

1.2. Сав газрын захиргаадын үйл ажиллагааг бэхжүүлэх, бүх талаар дэмжих, санхүүжилтийг нэмэгдүүлэх, сав газрын талуудын оролцооны зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх;

1.3. Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Усны үндэсний зөвлөлийн хурлыг улирал тутамд зохион байгуулж, зөвлөлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн, салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж, бодлогын зөвлөмжийг гарган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах;

1.4. Усны үнэ тариф, усны нөөцийн төлбөрийг шинэчлэх, уул уурхай, үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усны нөөцийн ашиглалтыг үе шаттайгаар хязгаарлах, хаягдал усыг цэвэршүүлж дахин ашиглах технологийг нэвтрүүлэх хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;

1.5. Усны стандартыг шинэчлэн, сайжруулах.

ХОЁР. УСНЫ НӨӨЦИЙГ ХОМСДОЛ, БОХИРДЛООС ХАМГААЛАХ, ХУРИМТЛУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

2.1. Ард иргэдийг баталгаат ундны усаар найдвартай хангах, говь, тал хээрийн бүс нутагт усыг хуримтлуулан шилжүүлэх замаар усны нөөцийн тогтвортой байдлыг бий болгох, Орхон-Онги, Орхон Говь, Хэрлэн Тооно, Шүрэн зэрэг хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчны стратегийн үнэлгээ, техник эдийн засгийн үндэслэлийг яаралтай боловсруулах, санхүүжилтийг шийдвэрлэх;

2.2. Аймаг, нийслэл бүр усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн хамгаалалтын бүсийг тогтоон, хэрэгжүүлэх, олон нийтийн хамтын оролцоог хангах;

2.3. Газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг зориудаар арвижуулах, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, рашааны болон газрын гүний дулааны судалгааг эрчимжүүлж, зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

2.4. Усны нөөцийн хяналт-шинжилгээний сүлжээг өргөтгөх, олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох, цахим системийг нэвтрүүлэх, суурь баазыг бэхжүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх;

2.5. Усны нөөцөд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлж, төлөвлөлтөд тусган, дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэх;

2.6. Усны статистик, тоо, мэдээллийг нэгтгэн, цахим хэлбэрт оруулж, нээлттэй ил тод болгох;

2.7. Гол усны эхэнд, ой, усны сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхийг хатуу хориглох;

2.8. Гадаргын усны бохирдлыг бууруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, сумын төв, суурин газруудын хаягдал ус цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, шинээр байгуулах ажлыг хэрэгжүүлэх.

ГУРАВ. САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР:

3.1. Усны салбарын мэргэжилтэн, албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах;

3.2. Салбарын байгууллагын албан хаагчдын ангилал зэрэглэлийг өөрчлөн, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах;

3.3. Ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлан усны салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, бэлтгэх, чадавхжуулах хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлэх;

3.4. Салбарын судалгаа, шинжилгээний чадавхыг сайжруулах, материаллаг баазыг бүрдүүлэх, нэмэгдүүлэх.

ДӨРӨВ. ОЛОН НИЙТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

4.1. Усны мэргэжлийн байгууллага, мэргэжлийн холбоод, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах;

4.2. Олон нийтэд гол ус, нуур цөөрөм, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, усны хэрэглээний зөв дадал зуршлыг бий болгох нөлөөллийн ажлыг бүх шатанд зохион байгуулах.

ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ ОРОЛЦОГЧИД

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404