Мадагаскарын ерөнхийлөгчийн туслах хээл хахууль нэхсэн хэргээр Их Британид баривчлагджээ
6 сарын өмнө

Мадагаскар улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргыг үнэт чулуу олборлолтын Gemfields компаниас хээл хахууль нэхсэн хэрэгт холбогдуулан баривчилснаа Их Британийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Үндэсний Агентлаг өчигдөр мэдээлжээ.

Баривчлагдсан Роми Андрианарисоа нь дээрх компанийн төлөөлөгчидтэй Лондон хотод уулзахдаа Мадагаскар улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг наймаалцах санал тавьсан юм байна.

Тэрбээр өөрийн зуучлагч Францын иргэний хамт уулзалтад оролцохдоо $285,000 орчмыг урьдчилгаанд авч, хөрөнгө оруулалтын дүнгээс нь 5 хувийг зөвшөөрөл олгосны шагналд нэхсэн гэнэ.

“Энэ асуудлыг бидэнд мэдэгдэж, мөрдөх ажиллагаанд хамтарч буй Gemfields компанид би талархлаа илэрхийлмээр байна” гэж Гэмт Хэрэгтэй Тэмцэх Үндэсний Агентлагийн олон улсын авлигатай тэмцэх албаны дарга Энди Келли мэдэгджээ.

Faberge үнэт эдлэлийн брэндийг эзэмшдэг Gemfields компани нь Африк тивийн өмнөд бүсийн орнуудад бадмаараг, маргад эрдэнийн олборлолт явуулдаг бөгөөд одоо Этиоп, Мадагаскар улсуудад үйл ажиллагаагаа эхлэхээр ажиллаж байгаа юм байна.

46 настай Андрианарисоа, түүний зуучлагч, Францын иргэн 54 настай Филипп Табуто нарын шүүхийн эхний сонсгол Бямба гарагт товлогджээ.

Тэднийг дараагийн сонсгол хүртэл буюу есдүгээр сарын 8-ны өдөр хүртэл цагдан хорих гэнэ.

Мадагаскар улсын ерөнхийлөгч Андри Разуэлина болон түүний хэвлэлийн алба ажилтантай нь холбоотой уг хэргийн талаар байр сууриа илэрхийлээгүй байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404