Солонгосын тусгаар тогтнолын төлөө Японы колоничлолын эсрэг тэмцэж явсан ахмадуудаас амьд сэрүүн үлдсэн сүүлчийн хүмүүсийн нэг өчигдөр эх орондоо иржээ.
Ахмад дайчин О Сон Гю өчигдөр Өмнөд Солонгосын ахмад дайчдын хэрэг эрхэлсэн сайд Пак Мин Шиктэй хамт Сөүлд ирсэн байна.
Японд амьдарч байсан ахмад дайчин 2018 онд гэргий нь нас барсны дараа эх орондоо шилжин амьдрах хүсэлт гаргаж байжээ.
Тэрбээр эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсаны дараа маргааш буюу Мягмар гарагт болох Японы колоничлолоос (1910-1945) чөлөөлөгдсөний 78 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм байна.
1923 онд мэндэлсэн энэ ахмад Манжуурт тусгаар тогтнолын төлөө тэмцэлд оролцож, Хятадын Аньхуй мужид байгуулагдсан Солонгосын Чөлөөлөх Армид алба хааж байжээ.
Өмнөд Солонгосын засгийн газар 1990 онд түүнийг улс үндэстнийг байгуулах үйлсэд гавьяа байгуулсан хүмүүст олгодог дээд одонгоор шагнаж байв.
О Сон Гюгээс гадна одоо тусгаар тогтнолын тэмцэлд оролцож явсан долоон хүн Өмнөд Солонгост, нэг хүн гадаадад амьдардаг юм байна.
Өмнөд Солонгосын засгийн газрын ахмад дайчдын хэрэг эрхэлсэн сайд Пак Мин Шик өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагаас Ням гараг хүртэл Япон улсад айлчилсан юм.
Айлчлалынхаа үеэр тэр 1932 онд Японы эзэн хаан Хирохитогийн амь насанд халдах ажиллагаа зохион байгуулсан тэмцэгч И Бон Чаны цаазлуулсан газарт очин хүндэтгэл үзүүлжээ.