Умард Солонгосын хакерууд Оросын пуужин зохион бүтээх төвд нэвтэрсэн тухай баримт олджээ
6 сарын өмнө

Умард Солонгосын хакерын бүлгүүд Оросын пуужин зохион бүтээх төвийн компьютерын сүлжээнд нэвтэрсэн тухай баримт илрүүлснээ мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд мэдээлжээ.

Өрнөдийн мэргэжилтнүүдийн ScarCruft, Lazarus гэж нэрлэдэг Пёньяны эрх баригчидтай нягт холбоотой хоёр бүлэг Москвагийн ойролцоох Реутов хэмээх жижиг хотод байдаг НПО Машиностроения пуужин зохион бүтээх төвийн компьютерын сүлжээнд нууцаар нэвтрэн ажиллаж байсныг уг мэдээлэлд баталсан байна.

Яг ямар мэдээлэл алдагдсан талаар баримт олдоогүй ч Умардын хакерууд өнгөрсөн онд хамгийн богинодоо таван сарын турш ийм ажиллагааг мэдэгдэлгүйгээр явуулж байсан гэнэ.

Эндээс харвал Умард Солонгосын дэглэм зэр зэвсгийн нарийн технологитой болохын тулд холбоотноосоо ч мэдээлэл хулгайлахад бэлэн байгаа бололтой.

Ройтерс агентлагийн цацсан уг мэдээллийн талаар НПО Машиностроение төв болон ОХУ, Умард Солонгосын албаны эх сурвалжууд одоогоор ямар нэг тайлбар өгөөгүй байна.

Өнгөрсөн сарын сүүлээр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу тэргүүтэй төлөөлөгчид Солонгосын дайны ялалтын 70 жилийн ойд оролцохоор Пёньянд айлчилсан юм.

Энэ нь Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Оросын батлан хамгаалахын сайд тус улсад айлчилсан анхны тохиолдол байв.

Хакерын халдлагад өртсөн гэгдэж буй НПО Машиностроения төв нь дуунаас хурдан пуужин, шинэ үеийн баллистик пуужин, хиймэл дагуулын технологи боловсруулдаг гэсэн мэдээлэл бий.

Эдгээр нь Пёньяны эрх баригчдын хамгийн их анхаарал тавьдаг салбарууд юм.

Мэргэжилтнүүдийн дүгнэлтэд халдлага 2021 оны сүүлээр эхэлж, 2022 оны тавдугаар сар хүртэл үргэлжилсэн тухай дурдсан байна.

НПО Машиностроения төвийн мэргэжилтнүүд халдлагын талаар бичсэн дотоод тайлангаа санамсаргүй алдсаныг АНУ-ын SentinelOne мэдээллийн аюулгүй байдлын компани олж авснаа Ройтерс агентлагтай анх хуваалцжээ.

“Олон нийтийн нүднээс далд байдаг, хохирогч нь хэзээ ч ил гардаггүй нууцлаг кибер ажиллагааны талаар ховор мэдээллийг энэ баримт харууллаа” гэж SentinelOne компанийн шинжээч Том Хегел ярьсан байна.

Тэдний олсон баримтыг мэдээллийн аюулгүй байдлын хараат бус мэргэжилтнүүд болох Николас Уивер, Мэтт Тэйт нар шинжлээд хуурамч биш гэж дүгнэжээ.

“Баримт үнэн бодитой гэдэгт би маш их итгэлтэй байна. Уг мэдээлэл хэрхэн алдагдсан шалтгаан нь үнэхээр инээдтэй” гэж тэдний нэг Уивер ярьсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404