АНУ-д хураагдсан Монголын өв болох үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгнө
2023/08/04

Үлэг гүрвэлээс үлдсэн араг яс, өндөг зэрэг олдворууд дэлхийн улс орнуудаас олддог ч Монголын газар нутгаас энэ дундаас хамгийн өвөрмөц бас ховор олдвор нь илэрсээр байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн олдвор нь Монгол Улсын соёлын өвд тооцогддог бөгөөд төрийн өмч юм.

 

Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай археологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхлэн амжилттай үргэлжилж байна.

ЭСЯ-ны зүгээс АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам болон Гааль, Хил хамгаалах албаны байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд АНУ-д хураагдаад байсан үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ажлын хүрээнд “Өмч хөрөнгийг харилцан маргаангүй нөхцлөөр хүлээлгэн өгөх тухай” гэрээнд Элчин сайд Ө.Батбаяр 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан.  

Үлэг гүрвэлийн олдворыг хүлээлгэж өгөх нь Монгол Улс, АНУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд чухал үйл явдал бөгөөд хоёр улсын соёлын салбарын харилцаа сайн байгааг нотлон харуулах төдийгүй эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас сэргийлэх ач холбогдолтой үйл явдал юм.

skip-share

АНУ-ын Засгийн газрын зүгээс гэрээний дагуу манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворуудыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Дэлхийд данслуулсан палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйлс, олон сая жилийн түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар төрөлх газарт нь буцаах эрхэм үйлсэд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан зэрэг олон байгууллага гар бие оролцдог. Түүнчлэн үйл ажиллагаанд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палентологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.

Монгол, Америкийн Засгийн газрын олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнгээр олж, илрүүлж, судлан таньж, буцаан олгож буй эдгээр үлэг гүрвэлийн олдворууд нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд ард иргэдийн харилцан ойлголцол, найрсаг харилцааг гүнзгийрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг болно.

АНУ-ын Засгийн газрын зүгээс гэрээний дагуу манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворуудыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна.

Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae нь бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа бөгөөд энэхүү үлэг гүрвэлийн хувьд зөвхөн монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор юм. Энэхүү олдвор цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг палентологич, доктор М.Болорцэцэг болон бусад судлаачид онцолж байна. Түүнчлэн эдгээр олдвор дунд АНУ-ын нэрт жүжигчин Николс Кэйжийн 2007 онд “the Beverly Hills gallery I.M.” дуудлага худалдааны үеэр авсан Тиранназавор Батаарын олдвор багтаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404