Хөшөөтийн уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэр байгуулж байна
2023/08/03

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхээр ахлуулсан ажлын хэсэг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ховд аймагт хэрэгжиж буй төслүүдтэй танилцжээ.

Тус аймгийн Зэрэг сумын төвийн дулаан хангамжийг сайжруулахаар халаалтын зуухны өргөтгөлийг угсарч байна. “МЭЗ” ХХК халаалтын улирал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Төслийн хүрээнд 4х7-ийн өргөтгөлийн барилга, бохирын шугам, нэг МВт хүчин чадалтай хоёр ширхэг зуух, дулааны узель угсарна.

Барилгын өргөтгөл, тус барилгын бохир ус зайлуулах шугамын ажил хийгдэж, үндсэн зуухны барилга доторх буулгалтыг дуусжээ. Төрийн нарийн бичгийн дарга ажлын явцыг түргэвчлэх, аюулгүй ажиллагааны зай хэмжээ, ажлын байрны норм стандарт, технологийн шаардлага хангасан зуух угсрахад анхаарч, шинжээчийн дүгнэлт гаргуулах зөвлөмж өгчээ.  

Ховд аймгийн Дарви сум дахь Хөшөөтийн уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэр барьж байна. Үйлдвэрийн цахилгаан хангамжийн эхний ээлжийн 30 км 110 кВ-ын Манхан-Хөшөөт чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг угсарна.

Энэ ажлыг “Повертүүл” ХХК, “Да хот” ХХК-иуд гүйцэтгэж байна. Төслийн хүрээнд анкер, төмөр бетон тулгуур босгож байна. Төлөвлөсөн хугацаандаа технологийн зөрчилгүй, хүн хүч, машин механизм, тээвэрлэлтийн ажиллагааг оновчтой зохион байгуулж шуурхай ажиллаж байгаа гэжээ.

 

35/10 кВ-ын Хөшөөт дэд станцаас Ховд аймгийн Үенч, Алтай сум чиглэлд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам угсарсан. Одоо дэд станцуудыг өргөтгөж байна.

Ховд, Говь-Алтай аймгийн төвийг жилд 80-90 тонн шахмал түлшээр хангах үйлдвэрийг Ховд аймгийн Дарви сум дахь Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн байгуулна. Энэ үйлдвэрийн ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй, технологийн тоног төхөөрөмжийг угсарч байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404