Чойжин ламын хувцас хэрэглэл зэргийг нийтэд дэлгэнэ
7 сарын өмнө

Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын Үндэсний музей болон Монголын уламжлалт анагаах ухааны музейн 39 дэсийн 145 ширхэг үзмэр дэглэгдсэнээс тухайлан дурдвал, Дархад бөөгийн иж бүрэн хувцас, ардын эмнэл засалд хэрэглэгдэх домын чулуу, хануурын багаж, эмийн уламжлалт ургамал, түүхий эрдэс чулуу, болон Бурханы шашны уламжлалт анагаах ухааны ном судар, манхаг, эмийн уут сав, Чойжин ламын хувцас хэрэглэл зэрэг болно.

Кембрижийн Их сургууль, Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Монгол судлалын төв болон Монголын Үндэсний музейн хамтарсан “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” судалгааны төсөл 2023 оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл явагдсан. 

Энэхүү төсөл нь хил дамнан олон зуун жил хүчтэй оршсоор буй бөөгийн эмнэл засал болон уламжлалт анагаах ухааныг тухайн бүс нутгуудтай харьцуулан судлах, мөн угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг өв соёлыг угсаатны зүйн үүднээс судлах зорилготой юм.

Төслийн судалгааны үр дүнг Кембрижийн Их сургуулийн нээлттэй фестивалиар хэлэлцүүлэн олноо хүргэсэн ба төслийн зорилго, судалгааны үр дүнг бид Монголын Үндэсний музей болон Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй үзмэр эд өлгөөр дамжуулан хүргэхийг зорьж байгаа аж. 

Төслийн судалгааны гол хэрэглэгдэхүүн нь Кембрижийн Археологи-Антропологийн музейд хадгалагдаж буй Этел Жон Линдгрений Монгол болон Манжуурт хийсэн бөөгийн судалгааны материал болон монгол барга, буриад солон нуменчин угсаатны сонирхолтой гэрэл зураг, тэмдэглэл болон бөөгийн хувцас хэрэглэл болно.

Этел Жон Линдгрен (1905 оны нэгдүгээр сарын 1-ээс 1988 оны гуравдугаар сарын 23) нь ардын аман зохиол судлалаас гадна Манжуурын нүүдэлчин малчдын зан заншил, бөө мөргөлийг судалсан Америк гаралтай Английн угсаатны судлаач, антропологич юм. Тэрбээр 1927 онд Урга (одоогийн Улаанбаатар) руу явж, дараа нь Манжуурт очиж, нүүдэлчин Тунгус хэлийг судалжээ. Тэрээр нөхөр Оскар Мамены тусламжтайгаар Манжуурын бүс нутаг дахь бөөгийн зан үйлийг бүртгэн судалсан бөгөөд түүний хээрийн судалгааны үр дүнд 5,600 орчим гэрэл зураг хадгалагддаг байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404