Тэтгэврийн хэмжээ нь даатгуулагчийн шимтгэл төлсөн цалин хөлс, хугацаанаас хамаарч тогтоогддог
6 сарын өмнө

2023 оны долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр, асаргааны зарим тэтгэмж нэмэгдээд буй. Ахмадуудын тэтгэврийг ямар аргачлалаар нэмсэн, хамгийн багадаа хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаар Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын ахлах мэргэжилтэн С.Лхагвадоржоос тодрууллаа.

-Засгийн газраас тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. Энэ удаагийн нэмэгдэлд хэдэн хүний тэтгэврийг нэмэгдүүлэн, хэдэн төгрөг нэмж зарцуулж байгаа вэ?

- Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21-ний “Итгэлцүүр шинэчлэн батлах, тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 238 дугаар, “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” 239  дугаар тогтоолуудын дагуу нийгмийн даатгалын сангаас олгож байгаа өндөр насны болон тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа цэргийн алба хаасны,  хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 488,1 мянган хүний тэтгэвэр бодуулсан цалинг шинэчлэн баталсан  итгэлцүүрээр бодож тэтгэврийг нь шинэчлэн тогтоож, уг тэтгэврийг нь 10 хувиар нэмлээ. 

Энэ удаагийн нэмэгдэлд Засгийн газраас 394 тэрбум төгрөгийг нэмж зарцуулахаар УИХ-ын 2023 оны зургаадугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн чуулганаар Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуульд тодотгол хийж баталсан.

- Тэтгэвэр бодох дундаж цалинг яаж тооцдог талаар тодорхой хэлнэ үү.

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2018 онд оруулсан өөрчлөлтийн дагуу 2019 онд даатгуулагчийн 6 жилийн турш авсан буюу 72 цалинг нь нэмж, 72-т хуваах, 2020 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн 7 жилийн турш авсан буюу 84 цалинг нь нэмж, 84-т хуваах зарчмаар дундаж цалинг тодорхойлж байна. 2019 оноос өмнө өндөр насны тэтгэвэр тогтооход 5 жил буюу 60 цалинг нэмж 60-д хуваах замаар дундаж цалинг нь тооцож байсан тул хуульд өөрчлөлт орохоос өмнө тогтоолгосон бүх тэтгэврийг 5 хүртэл жилийн дундаж цалингаас бодож тогтоосон байгаа.

Энэхүү аргачлалаар нийт тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодуулсан цалинг нь шинэ итгэлцүүрээр нэг бүрчлэн өсгөн тооцож, дундаж цалинг нь тооцож, тэтгэврийг хуульд заасан хувь, хэмжээгээр шинэчлэн бодсон. 

Засгийн газрын 238 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан итгэлцүүрээр 1990 оноос өмнөх цалинг 2060.74, 1991 оны цалинг 1031.18, 1992 оныг 526.2 гэх зэргээр хойших онуудыг инфляцтай уялдуулан тооцон хамгийн сүүлийн онууд нь 2020 оны цалинг 1.23, 2021 оныг 1.13-аар баталсан.

Хоёр дахь тогтоол буюу 239 дугаар тогтоолоор шинэ итгэлцүүр хэрэглэн шинэчилж бодсон тэтгэврийн хэмжээг нь 10%-аар нэмэгдүүлсэн. Эдгээр тогтоолуудын хэрэгжилтийг Нийгмийн даатгалын байгууллага шуурхай зохион байгуулан долдугаар сарын 1-нээс нэмэгдсэн бүх тэтгэвэр авагчийн тэтгэврийг нэмэгдүүлэн олгосон.

- Яг адил 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүний нэг нь 800 мянган төгрөг нөгөө нь 900 мянган төгрөг буюу ялгаатай байдлаар тэтгэвэр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Яагаад ийм зөрүүтэй байгааг тайлбарлаж өгөхгүй юу?

- Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр бодох аргачлал нь бүх даатгуулагчийн хувьд ижил буюу нэг хуулиар зохицуулж байна. Сард авах тэтгэврийн хэмжээ нь тухайн даатгуулагчийн цалингийн хэмжээ, ажилласан жилээс шууд хамаарч тогтоогддог.

Тухайлбал даатгуулагчийн 7 жилийн дундаж цалингаас нь 20 жилд нь 45 хувиар, илүү ажилласан жил тутамд 1.5 хувь, сар тутамд 0,125 хувиар бодож тэтгэврийг нь тогтоож байна. 

Жишээлбэл 30 жил 6 сар ажиллаж, шимтгэл төлөөд тэтгэвэр тогтоолгоход дундаж цалингаас нь 20 жилд нь 45%-аар, илүү 10 жилийг 1.5%-аар үржүүлж 15%, задгай 6 сарыг 0,125%-аар үржүүлж 0.75%, нийтдээ  60.75% болно. Өөрөөр хэлбэл нэг сая төгрөгийн дундаж  цалинтай 30 жил 6 сар ажилласан, даатгуулагчийн тэтгэврийг 1,000,000*60.75%=607,500 төгрөгөөр тогтооно.

Яг адил мэргэжилтэй хэрнээ тэтгэвэр нь ялгаатай байгаа нь тухайн тэтгэвэр авагч хэдэн онд тэтгэвэр тогтоолгосон, мөн хэдээс хэдэн оны 5 жилийн дундаж цалингаас тэтгэврээ бодуулсан, тухайн цалингууд нь хэр өндөр цалин байсан бэ зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс хамаарч байна.

Тэтгэвэр бодох итгэлцүүрийг Засгийн газраас 2014 онд шинэчлэн тогтоосноос хойш дахин шинэчлээгүйтэй холбоотойгоор одоо тэтгэвэр тогтоолгож байгаа, одоогоос 5, 10, 20, 30 жилийн өмнө тогтоолгосон ижил ажил мэргэжилтэй, ойролцоо жил ажилласан хүмүүсийн тэтгэвэр ялгаатай тогтоогдон, тэтгэврийн зөрүүг үүсгээд байгаа юм.

Зарим хүн нийт 488,1 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг харьцуулан дундаж тэтгэврийн хэмжээг гаргаад түүгээрээ хүмүүсийн тэтгэврийг тогтоож олгох замаар тэтгэврийн зөрүүг ойртуулна гэж ойлгож байх шиг байна.

Олон жил өндөр цалингаас шимтгэл төлсөн хүний тэтгэвэр нь цөөн жил шимтгэл төлсөн бага цалинтай, эсвэл шимтгэл нөхөн төлсөн дундаж цалингүй, хамгийн бага цалингаас шимтгэл төлсөн зэрэг хүнийхээс ялгаатай тогтох нь илүү шударга гэж бодож байна. Тиймээс бүх хүний тэтгэвэр нэг адил түвшинд хүрнэ гэсэн үг биш юм.

Тухайлбал 1990 оноос өмнө 5 жилийн хугацаанд сар бүр 650 төгрөгийн цалинтай байсан, улсад 20 жил, 30 жил ажилласан хоёр эдийн засагчийн тэтгэврийн нэмэгдэл хоёр өөр гарна. Шинэчлэн баталсан итгэлцүүрт 1990 он болон түүнээс өмнөх хугацааны цалинг 2060,74 дахин үржүүлэхээр тусгасан тул шинэ цалин нь 650*206,074=1,339,481 төгрөг болно.

20 жил ажилласан эдийн засагчийн тэтгэвэр нь 1,339,481*45%= 602,766 төгрөг болж, уг тэтгэврийг 10% нэмж 602,776 төг+60,277төг= 663,043 төгрөгийн тэтгэврийг долдугаар сарын 1-нд олгосон.

Харин 30 жил ажилласан эдийн засагчийн тэтгэврийг 1,339,481*60%= 803,688 төг болж, уг тэтгэврийг 10% нэмж 803,688 төг+80,368 төг= 884,056 төгрөг болж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл авч байсан цалин нь ижил ч ажилласан жил нь олон, цөөнөөс шалтгаалж тэтгэврийн хэмжээ нь өөр гарч байгааг ойлгох хэрэгтэй байх.

Цалингүй тэтгэвэр тогтоолгосон эсвэл хэт бага цалинтай, цөөн жил ажилласан хүний тэтгэврийг шинэ итгэлцүүрээр шинэчлэн бодоход 2023 оны зургаадугаар сард авч байсан тэтгэврийнхээ хэмжээнд хүрэхгүй байгаа тул, 10%-аар нэмсэн нь хамгийн багадаа бүрэн тэтгэвэр 550,000 төг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр бол 440,000 төгрөг болж байгаа юм.

- Хэрэв тэтгэврийн нэмэгдэл буруу байна гэж үзвэл хаана хандаж шалгуулах хүсэлтээ гаргах вэ?

Тэтгэврийн нэмэгдэл нь буруу бодогдсон гэж үзвэл тэтгэврээ авдаг харьяа нийгмийн даатгалын хэлтэстээ очиж, хүсэлт гарган шалгуулж болно. Хэрэв очих боломжгүй бол аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс бүр олон нийтийн сүлжээнд албан ёсны хаягтай, түүгээр нь цахимаар хүсэлт гаргаж болно.

Нийгмийн даатгалын хэлтэс бүрд Нийгмийн даатгалын хуль тогтоомжийн хэрэгжилтийг болон ажилласан жил, авч байсан цалинг үнэн зөв тооцож тэтгэвэр тогтоож, олгосон байдлыг шалган шийдвэрлэдэг Хяналт шалгалтын тасаг байгаа. Даатгуулагч, тэтгэвэр авагчийн гаргасан өргөдлийг хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой.

Иргэний цалин, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой мэдээллийг нууцлах ёстой тул хэрэв тухайн тэтгэвэр авагч өөрөө ирэх боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан өргөдөл гаргаж болно. 

- Долдугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр хамгийн багадаа хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ. Энэ талаарх статистик мэдээллийг дурдвал?

  • 40,343 иргэнийх 50,000-100,000 төгрөгөөр
  • 47,170 иргэнийх 100,000-200,000 төгрөгөөр
  • 50,753 иргэнийх 200,001-300,000 төгрөгөөр
  • 37,238 иргэнийх 300,001-400,000 төгрөгөөр
  • 15,977 иргэнийх 400,001 -500,000 төгрөгөөр
  • 5,411 иргэнийх 500,001 -600,000 төгрөгөөр
  • 3,140 иргэнийх 600,000 -аас дээш төгрөгөөр нэмэгдлээ.

Бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 550,000 төгрөгийн тэтгэвэртэй 208 мянган, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээний тэтгэвэртэй 78 мянган, 550,001-1,000,000 төгрөгийн тэтгэвэртэй 137.7 мянган, 1,000,001-1,500,000 төгрөгийн тэтгэвэртэй 44.9 мянган, 1.5 саяас дээш төгрөгийн тэтгэвэртэй 19.4 мянган ахмад байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404