Энэ оны хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс өнөөдөр танилцууллаа.
Тухайлбал анхан шатны шүүх энэ хугацаанд нийт 40,413 хэрэг, маргааныг шийдвэрлэж, 8,543 хүн, хоёр хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Харин 13,543 хүн хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулж, 560 хүнийг хорих ял эдлэх хугацаанаас нь өмнө суллаж, ялаас чөлөөлж, 723 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1,321 хүний цагдан хорих хугацааг сунгажээ.
Нийт хэргийн тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад:
- Эрүүгийн хэрэг 551-ээр буюу 7.3 хувиар буурч,
- Иргэний хэрэг 2,465-аар буюу 8.3 хувиар, Захиргааны хэрэг 313-аар буюу 30.6 хувиар тус тус өссөн аж.
Тэгвэл анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсжээ.
- Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 16 хэргээр буюу ес дахин,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 21 хэргээр буюу 24.1 хувиар,
- Хахууль авах гэмт хэрэг 29 хэргээр буюу 2.2 дахин,
- Хахууль өгөх гэмт хэрэг 29 хэргээр буюу 5.1 дахин,
- Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу зургаа дахин
Түүнчлэн шүүхээс 4,278 хүн, хоёр хуулийн этгээдийг нийт таван тэрбум 751 сая 459 мянган төгрөгийн торгох ял шийтгэсэн ба гэмт хэргийн улмаас 64 тэрбум 457 сая 716 мянга 514 төгрөгийн хохирол учирсныг ШЕЗ-өөс мэдээлсэн юм.