“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-аас “Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байрыг шинэчлэн сайжруулах төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.
Гүйцэтгэгч хувийн хэвшлийн компанитай өчигдөр гэрээ байгууллаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, “Бумбат даваа” ХХК-ийн ерөнхий захирал Б.Болд-Эрдэнэ нар гэрээнд гарын үсэг зурав. Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байр нь Улаанбаатар шилэн банкны барилга бөгөөд нийслэлийн зүгээс хувийн хэвшилд бодлогын дэмжлэг үзүүлж хамтран ажиллах юм.
Уг төсөл нь нийслэлийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийслэлийн өмчит барилга, байгууламжуудын засвар, үйлчилгээ, ашиглалт, хөрөнгийн менежментийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр оновчтой удирдаж, шинэчлэн сайжруулан нийслэлийн өмчийн үнэ цэнийг нэмэх зорилготой. Мөн төсөв хэмнэх давуу талтай.
Засгийн газар 2022 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол баталсан. Тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан гэж “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” -иас мэдээлэв.