Францад хувцасны хэрэглээ хэт их тул багасгах арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Шинэ хувцас худалдан авахын оронд хуучин хувцсаа засуулах хүмүүсийг урамшуулна.
Ирэх аравдугаар сараас 6-25 еврогийн урамшуулал буюу буцаан олголт эхэлнэ. Францын Байгаль орчны сайд “Бид жил бүр 700 мянган тонн хувцас хаяж байна. Иймд хуучин хувцсаа засаад өмсдөг болох соёл нэвтрүүлэхийг зорьж байна. Оёдолчид, гутал засварчид биднийг дэмжээрэй. Бид хувцас загварын хурдтай өөрчлөлттэй тэмцэнэ” гэжээ.
Ирэх намар тус улсад гутлынхаа өсгийг засуулбал 7 евро, хувцсаа засуулбал 25 евро буцаан авах юм.
Өнгөрсөн онд Францад 3.3 тэрбум еврогийн хувцсыг худалдаанд гаргажээ. Гэвч 36 настай сайдын мэдэгдлийг тус улсын загварын салбарынхан эсэргүүцэв. Тэд торгыг даавуутай харьцуулж болохгүй, энэ шийдвэр тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд сөрөг нөлөөтэй гэжээ. Мөн зарим улс төрч Франц их хэмжээний өртэй байхад татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрлээ гэсэн байна.
Засгийн газраас дээрх урамшуулалд 154 сая евро төсөвлөсөн байна. Харин Франц 3 тэрбум еврогийн өртэй. Хувцас үйлдвэрлэл Францын хамгийн том салбаруудын нэг, 66 тэрбум ам.доллар эргэлддэг бөгөөд олон мянган хүнийг ажлын байраар хангадаг.
2024 оноос эхлэн тус улсын хувцас үйлдвэрлэгчид шошгон дээрээ ямар хэмжээний усаар тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээ, ямар химийн бодис ашигласнаа ил байршуулах ёстой. Энэ нь хувцсыг дахин загварчлах бодлогын үргэлжлэл юм.