Д.Найдангийн хөдөлмөрийг төрөөс үнэлж, өчигдөр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол олгожээ.
2023/07/09

БиофизШинжлэх ухааны салбар өөрөө оюун ухааны оньсыг тайлдаг “онцгой бүс” юм. Энэ онцгой бүсийн манлайлагчид нь эрдэмтэн судлаачид байдаг.

Тэдний оюун ухааны охь, мэдлэгийн цар хүрээнд бүтээгдсэн олон бүтээл олны мэлмийг нээж, оюун санааны ундарга болдог ажээ. Энэхүү  оюун санааны салбарт тасралтгүй 53 жил ажиллаж байгаа эрхэм бол Физик - математикийн ухааны Шинжлэх ухааны доктор, профессор Донидын Найдан юм. Тэрбээр 1965 онд МУИС-ийн Физик, математикийн факультетийг физикийн багшийн мэргэжлээр дүүргэжээ. Сургуулиа төгссөнөөс хойш түүний шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмэр нь он цагийн дараалалд тасралтгүй багтаж явсан нь түүний өнөөдрийн өндөрлөгт хүрэх дардан замыг нээж өгчээ.  

1981 онд Москва хотод ЗХУ-ын ШУА-ийн Хими физикийн хүрээлэнд биологийн ухаан дэд доктор ( PhD), 2001 онд  Улаанбаатар хотод “ Уураг пептидийн фото ба сонохемолюминесценц” сэдвээр Физик математикийн Шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг тус тус хамгаалсан билээ. Эх орондоо шинжлэх ухааны биофизикийн салбарыг хөгжүүлэх, биофизикийн лаборатори байгуулах ажлыг тэг цэгээс эхэлж, өнөөдрийг хүртэл Физик техникийн хүрээлэнг бие даасан салбар болтол хөгжүүлсэн анхдагч эрдэмтдийн нэг  Донидын Найдан нь техник, технологийн чиглэлээр биофизикийн судалгааны лабораторийн “амин зүрх” болсон тоног төхөөрөмжийг өөрсдөө угсарч, зохион бүтээсэн биофизикийн ухааны “Нэхмэлч” билээ. Эрхэм хөмүн зөвхөн эрдэмтэн төдийгүй улс эх орныхоо хөгжил дэвшилтэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй хууль батлалцаж явсан юм. Тэрбээр  АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар Ардын их хурлын депутатаар сонгогдож, 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хууль батлалцсан, манай хоёр танхимтай парламентын анхны гишүүний нэг, улс төрч билээ.  

Түүний хийсэн бүтээсэн ажил, шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь Монгол Улсын төрөөс үнэлж өнөөдөр Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол олгож байна.

Төрийн эрхэм хүндэт шагнал эзнээ олж, шинжлэх ухаанчдын мэргэн ухаан, оюуны мэлмий өргөн олонд өнө мөнх орших болтугай.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404