Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Энхжаргал боловсролын зээлийн сан болон олны анхааралд байгаа бусад хэргийн талаарх мэдээлэл өгөв.
Боловсролын зээлийн сантай холбоотой байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд
1997-2023 оны хооронд гадаадад суралцсан 369 суралцагчдад олгосон 230 тэрбум төгрөгийн зээл тэтгэлэг,
- 941 суралцагчийн зээлээс чөлөөлөгдсөн үндэслэл,
- Улс төр бизнес нэр нөлөө бүхий олны танил хүмүүст олгогдсон 100 орчим зээл тэтгэлэг журмын дагуу олгогдсон эсэх,
- Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зээлийн олгогдсон эсэх,
- Сургалтын тэтгэлгийн мөнгийг зориулалтын дагуу зарцуулсан, мөнгө угаасан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах, хүч хэрэглэх, заналхийлэх гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдэж байгаа хэргүүд гарсан. УЕПГ-аас хүний эрх чөлөө, өмчлөх эрх, хамгаалах, зөрчигдсөн гэмт үйлдлийг таслан сэргийлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж найман прокурор хяналт тавьж байна. Энэ хэрэгт 32 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Гэмт хэргийг шуурхай илрүүлэх зорилгоор 28 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусгаад прокурорын хяналтад ирсэн. Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа. Одоогоор шүүхэд шилжээгүй" хэмээн ярилаа.