Оросын телевизийн хөтлөгч Вагнерын боссыг “мөнгөнөөс болж замаа алдсан хүн” гэж шүүмжилжээ
7 сарын өмнө

Оросын телевизийн хөтлөгч, Кремлийн суртал нэвтрүүлэгчдийн нэг Ням гарагт цацагдсан нэвтрүүлгийн үеэр саяхан зэвсэгт бослого гаргасан Вагнер группийн тэргүүн Евгений Пригожинийг “их мөнгөний улмаас замаа алдсан хүн” хэмээн шүүмжилжээ.

“Пригожин бол их мөнгөний улмаас замаасаа хадуурсан хүн. Тэр батлан хамгаалах яам, төр засаг, ерөнхийлөгчтэй хүртэл тэмцэх чадалтай гэж өөрийгөө бодсон байна” гэж Дмитрий Киселев өчигдөр “Россия 1” сувгийн “Вести Недели” хөтөлбөрт оролцохдоо ярьсан байна.

Вагнерын Сири, Африк дахь ажиллагаанууд Пригожинийг дархлагдсан мэт ойлгуулсан, бас Бахмутын тулаанд байгуулсан ялалт нь түүнийг улам зоригжуулсан гэж Киселев тайлбарлажээ.

Үүнээс гадна тэр Оросын төр Вагнерыг санхүүжүүлж байсныг батлах томоохон тоо баримт дэлгэсэн юм.

Тухайлбал Вагнер групп нийтдээ 858 тэрбум рублийг ($9.7 тэрбум) Оросын төсвөөс авсан гэнэ.

Гэхдээ Киселев үүнийгээ батлах ямар нэг баримт үзүүлээгүй байна. Мөн ямар хугацаанд ийм мөнгө төлсөн талаар яриагүй юм.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин анх удаагаа Вагнер группийн хөлсний цэргүүд тус улсын төсвөөс санхүүжиж байсныг хүлээн зөвшөөрч байв.

Тухайлбал сүүлийн нэг жилийн хугацаанд Вагнерын хөлсний цэргүүдийн цалин хөлсөнд 86 тэрбум рубль, мөн Пригожиний нийтийн хоолны компанид армийг хүнсээр хангасны төлөө 80 тэрбум рубль төлснийг тэр ярьсан юм.

Пригожин өнгөрсөн сарын 24-ний өдөр Оросын батлан хамгаалах яамны удирдлагуудаас хариуцлага нэхэх нэрээр Москва хотын чиглэлд хувийн зэвсэгт хүчнээ илгээж байв.

Москвагаас 200 км зайд ирснийхээ дараа тэр Кремлийн эрх баригчидтай тохиролцож, зэвсэгт бослогод олон нийтийг өдөөн турхирсан хэрэг тулгасан ялаа цуцлуулж, Беларусь улс руу дүрвэхээр болсон юм.

Зарим ажиглагчид энэ явдал Путиний дэглэм суларсны илрэл болсон гэж дүгнэж байгаа.

Харин Оросын эрх баригчид үүнийг ард түмний эв нэгдлийг улам нэмэгдүүлж, Путиний хүч нөлөөг улам өсгөсөн үйл явдал хэмээн сурталчилж байна.

Тухайлбал Оросын төрийн Думын спикер Вячеслав Володин өчигдөр Телеграм хуудсандаа “Тэр (Путин) цус урсгахаас сэргийлэх бүх арга хэмжээг авч чадсан. Хэрвээ 1917, 1991 онуудад Путин шиг удирдагч байсан бол хувьсгал гарахгүй, Зөвлөлт Холбоот Улс нурахгүй байлаа” гэж бичжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404