ОХУ-ын Путин зэвсэгт бослого гаргасан этгээдүүдийг хатуу шийтгэхээ амлав
7 сарын өмнө

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин дөнгөж сая ард түмэндээ хандан телевизээр үг хэллээ.

“Оросын ард иргэдэд хандсан уриалга” гарчигтай түүний мэдэгдэлд улс үндэстний эв нэгдлийг хадгалж, 1917 оных шиг цуст иргэний дайнд хүрэхгүй байхыг чухалчилсан байна.

Путин илтгэлдээ Евгений Пригожиний нэрийг шууд дурдаагүй ч төрийн эсрэг зэвсэгт бослого гаргасан этгээдүүдийг хатуу шийтгэхээ амлажээ.

Мөн Дон дахь Ростов хотод үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд шийдвэртэй арга хэмжээ авахаа мэдэгдсэн юм.

Үүнээс гадна Путин албан ёсны армийн алба хаагчидтай мөр зэрэгцэн Украинд тулалдаж, амиа алдсан Вагнерын хөлсний цэргүүдийг “баатрууд” хэмээн магтсан нь анхаарал татаж байна.

Өнөөдөр Пригожиний зэвсэгт хүчин Дон дахь Ростов хотын бүх цэргийн байгууламжуудыг эзлэн авснаа зарласан юм.

Их Британийн батлан хамгаалах яамны тагнуулын илтгэлд Вагнерын хүч нийслэл Москва хотын чиглэлд давшиж байгааг баталжээ.

“Вагнерын цуваа Воронеж мужийн нутгаар дамжин хойд зүгт нийслэл Москваг чиглэн хөдөлсөн нь тодорхой байна” гэж уг илтгэлд өгүүлсэн байна.

Воронеж хот нь Москва болон Дон дахь Ростов хотуудын гол дунд оршдог юм. Түүнчлэн Оросын армийн цэргүүд Вагнерын хүчийг идэвхтэй эсэргүүцэхгүй байх магадлалтайг дурджээ.

“Ойрын хэдэн цагийн хугацаанд Оросын зэвсэгт хүчин, ялангуяа Оросын үндэсний гвардын үнэнч байдал нь хямрал цааш хэрхэн өрнөхөд нөлөөлөхөөр байна” гэж Их Британийн батлан хамгаалах яамны илтгэлд дүгнэсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404