Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эдийн засгийн суурь хүчин зүйлсийн нэг бол төгрөгийн ханш юм. Улс төр, эдийн засгийн хүндрэл үүсэх үед хамгийн их савладаг зүйл бол төгрөгийн ханш. Ханшийн өөрчлөлтийн гол барометр нь төлбөрийн тэнцэл болон гадаад худалдааны тэнцэл байдаг. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш яагаад чангараад байна вэ гэдгийг төлбөр болон гадаад худалдааны тэнцэл, эдийн засгийн үзүүлэлтүүдээр дүгнэх боломжтой гэсэн үг. Түүнчлэн манай улсад эрэлттэй үед нийлүүлэлт багасахад ам.доллар шууд өсөх магадлал өндөр байдаг.
Тэгвэл манай улсын гадаад валютын албан нөөц өнгөрсөн сарын байдлаар 3.4 тэрбум ам.доллар байгаа нь импортын зургаан сарын хэрэгцээг хангах хэмжээ гэдгийг Төв банкнаас мэдэгдсэн. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар өнөөдөр 3520.67 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 3511 төгрөгөөр ам.доллар худалдан авч, 3521-3531 төгрөгөөр худалдаж байгаа юм.
Тодруулбал, Монголбанкны зарласан албан ханшаар сүүлийн 10 хоногийн хугацаанд ам.доллар төгрөгийн эсрэг суларч, 7 төгрөг 38 мөнгөөр буурч, ханш тогтворжих эерэг дохиог нийгэмд өглөө.
Өнгөрсөн оны төгсгөлд Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудын ам.доллар худалдан авах эрэлт өндөр байсан. Харин энэ оны гуравдугаар сарын сүүлээр эрэлт багассан үзүүлэлт гарав. Тодруулбал, гуравдугаар сарын 16-ны байдлаар Монголбанк арилжааны банкуудад 68.3 сая ам.доллар нийлүүлсэн бол өчигдрийн дуудлага худалдаагаар банкуудаас ам.доллар худалдан авах санал ирээгүй байна. Харин эсрэгээрээ арилжааны банкууд Төв банканд 36 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ. Энэ нь сүүлийн жилүүдэд Төв банк арилжааны банкуудаас валют худалдан авсан хоёр дахь тохиолдол болж байна. Тухайлбал, Монголбанк хамгийн сүүлд 2021 онд банкуудаас ам.доллар худалдан авч байж.
Төгрөгийн ханш ам.долларын эсрэг чангарч байгаа шалтгааныг эдийн засагчид өөр өөрийн өнцгөөр тайлбарлаж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар ирэх жилүүдэд төлөх өр төлбөрүүдээ дахин санхүүжүүлэх хэлцлийг амжилттай хийн санхүүжилт татсан нь ам.долларын ханш тогтворжиход нөлөөлсөн хэмээв. Улмаар “Оюутолгой” ХХК гүний уурхайгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлснээ олон улсад зарласан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээс эхлээд олон талын ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байгаа юм. Мөн Хятадын хилийн хориг цуцлагдсанаар нүүрсний экспорт саадгүй болж нэмэгдсэнээс гадна зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч буй нь эдийн засагт эерэг үр дүн үзүүлнэ гэв. Тодруулбал, өнгөрсөн сарын эцсийн байдлаар нүүрсний нийт экспорт 8.7 сая тоннд хүрсэн нь 2022 оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн төмрийн хүдрийн нийт экспорт 0.9 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар өссөн байна.
Зарим эдийн засагчийн зүгээс Монголбанкны валютын нөөц, гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцлээс гадна бодит эрэлт, нийлүүлэлтийн зөрүү ханшид нөлөөлдөг. Тухайлбал, ам.доллар 100 орчим төгрөгөөр өссөн бол 50 хувь нь спекуляц юм. Иргэд ам.долларын хэрэгцээ, шаардлага байхгүй ч ханшийн өсөлтийн хүлээлттэй холбоотой ам.доллар худалдан авч байгаа үзэгдлийг спекуляц гэж нэрлэдэг. Тиймээс эдийн засгийн хүлээлтийн талаар иргэдэд зөв ойлголт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, төр засгийн зүгээс үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг хамгаалах үүргээ биелүүлэх нь чухал гэдгийг тодотгож байв. Банканд байгаа хадгаламжийн дийлэнх хувь нь ам.доллар болсныг албаныхан хэлж байсан. Тэгэхээр төгрөгт итгэх хүмүүсийн итгэл суларч, ам.долларыг илүүд үзэх нь монгол мөнгөний ханш буурахад нөлөөлдөг байна.
Үүнтэй зэрэгцэн оны эхнээс чангараад байсан юанийн ханш бага зэрэг суларсан байна. Тодруулбал, оны эхэнд юань Монголбанкны албан ханшаар 495 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 511.91 төгрөг байна.
Хоёрдугаар сарын 2-ны өдөр юань хамгийн дээд цэгтээ буюу 519.75 төгрөгт хүрээд байв. Юанийн ханшийн хувьд дэлхийн зах зээлд эрчимтэй чангарсантай холбон тайлбарлаж байна. Учир нь БНХАУ-ын эдийн засгийг чиглэх хөрөнгийн урсгал нэмэгдэж, тус улс эдийн засгаа нээх бодлого баримталсантай холбоотой хэмээж байна. Юутай ч оны эхэнд юанийн эсрэг төгрөгийн ханш суларч буйг "сандрах хэрэггүй, эрсдэл үүсэхгүй" хэмээн Төвбанк мэдэгдэж байсан нь ч ортой бололтой. Монголбанкнаас гадаад валютын нөөцөө арвижуулахад дотоодын зах зээлээс алт худалдаж авах, ААН-үүдээс гадаад валют худалдаж авах бодлого барьж байгаагаа дуулгаж байсан. Мөн юанийн ханшийн өсөлтийг эдийн засагчид цагаан сартай холбоотой хэмээж байв.
Ямартаа ч төгрөгийн сүүлийн 10 гаруй хоногийн ханшийн хөдөлгөөн тогтворжлоо. Харин цаашид төгрөгийн ханш хэрхэх вэ гэдэг нь чухал.
Банкны эдийн засагчид болон их, дээд сургуулийн багш нар, судалгааны байгууллагуудын нийт 27 судлаач, шинжээч ханшийн төсөөллийн судалгааг оны эхэнд гаргасан байна. Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгаагаар, энэ оны эхний улиралд төгрөгийн ам.доллартай харьцах ханш ялимгүй суларч, дунджаар 3537.3 төгрөг, хамгийн ихдээ 3618.1 төгрөг, хамгийн багадаа 3500 төгрөг байна гэж үзжээ.
Харин төгрөгийн ханш сулрах үзэгдэл энэ оны турш үргэлжлэх бөгөөд оны эцэс гэхэд ам.долларын ханш 3700 руу тэмүүлнэ гэж түүвэр судалгаанд оролцогсод үзсэн байна. Түүнчлэн Банкны холбооны төсөөллөөр төлбөрийн тэнцэл алдагдалтай буюу гадаад худалдаа хасах утгатай байх нь валютын нөөцөд дарамт учруулах хэвээр байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Улмаар тэд инфляцын тогтворгүй байдал эдийн засаг хүртээмжтэй өсөхөд саад болж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн юм.