Монголын хөрөнгийн бирж 34 хувиа олон нийтэд нээлттэй зарж эхэллээ
2022/12/27

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслол өнөөдөр боллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан ёслолын арга хэмжээг нээж:

“2022 он Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хувьд ололт амжилтаар дүүрэн үр бүтээлтэй жил болон өнгөрч байна. УИХ-аас баталсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд хийгдэж буй банкны реформ энэ онд амжилттай хэрэгжиж системийн нөлөө бүхий оролцогчид болох Төрийн банк, Голомт банк хувьцаагаа олон нийтэд амжилттай санал болгон нийт 144.2 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкнуудаас анхлан нээлттэй хувьцаат компани болох ажлыг эхлүүлж, хувьцаагаа санал болгосон эхний өдрөө л арилжааны захиалга нь 100 хувийг давсан.

Мөн энэ онд хөрөнгийн зах зээлд тохиосон өөр нэгэн чухал үйл явдал нь УИХ-аас  баталсан “төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл” юм. Энэ хүрээнд төрийн өмчит компаниудын хувьчлалын үйл ажиллагааг “Монголын хөрөнгийн бирж” эхлүүлж хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгож нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөөд байна.

Дашрамд дурдахад манай улсын хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил 30 гаруй жилийн өмнө мөн төрийн өмчийн хувьчлалаар эхэлж бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засагт шилжиж байсан түүхтэй.

Өнгөрсөн 30 жил ололт амжилт, алдаа оноо хосолсон он жилүүд байсан ч бид өнөөдөр 6.7 их наядаар үнэлэгдэх байнгын өсөлттэй хөрөнгийн зах зээлийг бүрдүүлж чаджээ.

Төрийн өмчит компаниудын хувьчлал нь дан ганц тухайн байгууллагын үр ашигт байдал, өрсөлдөх чадвар, засаглалын чанар, төсвийн сахилга батыг нэмэгдүүлэхээс гадна нийт эдийн засаг, санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц өгдөг. Цаашид ч хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлэн хөгжүүлж, техник технологийн дэвшлийг ашигласан, тогтвортой хөгжлийг дэмжсэн олон тулгуурт хүртээмжтэй, ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд Санхүүгийн зохицуулах хороо анхаарч ажиллах болно” гэдгийг онцолсон юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404