“Богд Жавзандамбын судлалд” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
2022/12/27

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын 111 жилийн ойд зориулан Богд Хааны Ордон музейгээс “Богд Жавзандамбын судлалд” эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр /2022.12.26/ зохион байгууллаа.

Монгол улсын хаан, VIII дугаар Богд Жавзандамба хутагт 1869 онд Төвөдийн Лхас хотын ойролцоо мэндэлжээ. Түүнийг 1874 онд Их Хүрээнд залж Богд Жавзандамба хутагтад өргөмжилсөн байдаг. Тэрээр багаасаа шашны эрдэм ухаанд суралцахын хамт монгол хэл заалгаж, монгол амьдрал, ахуй соёлд ээнэгшин дасаж, монгол ухамсар сэтгэлгээтэй болжээ. Богд Жавзандамба хутаг XIX зуунаас XX зууны зааг үед Монгол орныхоо тусгаар тогнолын төлөө санаа тавьж идэвхтэй оролцох болсон бөгөөд улмаар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтад хүргэсэн юм. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хааны ширээнд залж, тусгаар тогтнолоо тунхаглан, төрийн их ёслолыг явуулсан байдаг. Улмаар 1921 онд хувьсгал ялж, ардын засаг байгуулагдсаны дараа Богд хаан Монгол улсын хэмжээт эрхэт хаанаар өргөмжлөгдсөн бөгөөд 1924 онд жанч халах хүртлээ теократ засаглалыг тэргүүлж асан Монголын хамгийн сүүлчийн эзэн хаан байжээ.

Уг хуралдаанд оролцсон зарим эрдэмтдийн судалгааг хүргэе.

Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар:

-Өнөөдрийн хуралд Богд судлалаар илүү давамгайлсан шинжлэх ухааны докторууд оролцож байна. Хурлын гол онцлог бол шинэ мэдээллийг олон түмэнд дэлгэх юм. Яагаад энэ хурлыг хийх шаардлагатай гэхээр Богд бол ХХ зуунд хэлмэгдсэн түүхтэй хүн билээ. Бид эрдэм шинжилгээний хурал болоод судалгаануудыг идэвхжүүлж өгснөөр Богдын үнэн түүх тодрох учиртай хэмээн үзэж байна. Ганцхан наймдугаар богдын тухайд биш энэ бол Монгол Улсад төрсөн шашны хаан гэж нэрлэгддэг найман богдын тухай асуудал юм.

Богд хаан ба Монголын тусгаар тогтнолын баярын талаар ШУТИС-ийн Доктор Х.Мөнхбаяр:

-Тусгаар тогтнол гэдэг бол гаднын ямар нэг зүйлд хамаарч байгаад түүнээс гарч буй үйл явц юм. Үндэсний их баяр наадам эхлээд тусгаар тогтнолын баяр байсан юм. Энэ нь түүхээр болон эрх зүйн баримт бичгүүд болоод эх сурвалжуудаар батлагдсан байдаг. Төрт ёсны баяруудаас хамгийн чухал баяр нь Үндэсний тусгаар тогтнолын баяр юм. Өөрөөр хэлбэл, 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол Монголчуудын хамгийн бахархалтай өдөр юм. Яагаад гэхээр энэ өдөр бид тусгаар тогтнож тусгай улс болсон байдаг. Монголчууд 200-аад жилийн өмнө бие даасан байдлаа алдаж, Манж улсын эрхшээлд ороод, 1911 онд салж, бие даасан тусгаар тогтносон улс болсон юм. Үүнийгээ арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тунхагласан байдаг. Зарим хүмүүс энэ өдрийг ойлгохгүй байна. Төр олон баярын утга учрыг ард түмэндээ ойлгуулах ёстой. Уг нь Цагаан сарын баяраар амрыг айлдан золгодог шиг Үндэсний тусгаар тогтнолын баяраар тусгай зан үйлийг үйлдэх хэрэгтэй юм. Би тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэж бахдалтай хэлж байгаа нь энэ өдөртэй холбоотой.

Судлаач Ж.Баяржаргал:

-Үндэсний тусгаар тогтнолын баярыг тэмдэглэх нь маш ач холбогдолтой юм. Энэ нь залууст эх оронч хүмүүжил суулгах болон тэднийг нутагтаа эзний ёсоор хандан аж төрөхөд ач холбогдолтой. Жил бүр хурал хийж оюутан залуусыг идэвхтэй хамруулах хэрэгтэй байна. Богд хаант Монгол Улс гэхээсээ илүүтэй “Олноо өргөгдсөн” Монгол Улсын он жилүүд гэвэл зохилтой. Монгол улс 1924 онд тусгаар тогтносон гэдэг нь худлаа юм.  Тухайн үед Зөвлөлт холбоот улс, оросууд Монгол орныг эзлээд 70 жил Монгол орны хувь заяагаар тоглосон байдаг. Алтан ургийг үр удмаар нь хөөж, сэхээтэн томчууд, хутагт хувилгаад бүгдийг нь устгаж, үгээгүй ядуу малчид нь үлдсэн. Үүний горийг бид өнөөдөр амсаж байна. Яагаад гэвэл өнөөдөр улс орон авлигад идэгдчихсэн, бүгд мунхарчихсан, хөгжил нь явж өгдөггүй нь удам угсаагаа устгаж үгүй болгосныхоо горийг амсаж буй хэрэг юм. Тиймээс бид илүү үндсэрхэг үзлээр хандаж, улам илүү идэвхжүүлж, энэ сайхан баяраа улам төгөлдөржүүлэн тусгаар байдлаа үүрд хадгалахын төлөө зүрх сэтгэлээрээ аминчлан зүтгэвэл зохилтой.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404