Энэ хугацаанд тэрбээр МУБИС-д англи хэлний бэлтгэлд суралцаж, долоо хоногийн гурван өдөрт нь авто угаалгын газар цагийн ажил хийдэг аж.
Михайль "Би ОХУ-ын Санкт-Петербург хотоос ирсэн. Монголд ирээд нэг сар болж байна. Энд ирээд орос найзуудтайгаа танилцаж, хамтдаа авто угаалгын газар ажиллаж байна. Манай дарга нар бидэнд сайн хандаж, энд ажиллахыг зөвшөөрсөн. Бид энд долоо хоногийн гурван өдөр цагийн ажил хийж, өдөрт хоёр, хоёр машин угаадаг. Монгол ахан дүүс маань дэмжиж, боломжийн цалин хөлс өгч байгаа" гэсэн юм.
Түүнээс гадна зургаан орос иргэн энэ авто угаалгын газар ажилладаг. Тэднийг ажлын цагаа сайн баримталж, хурдан шуурхай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг гэдгийг эздүүд нь хэлж байлаа.
Тэдний нэг бол Дима. Тэрбээр Монголд ирээд хоёр сар болж байгаа. Түүний хувьд өмнө нь Монголд ирж байгаагүй бөгөөд Монголын өвөл жаахан хүйтэн байна. Одоо л дасч байна гэв. Дима "Би өмнө нь Монголд ирж байгаагүй ээ. Монголыг Чингис хаанаар нь мэднэ. Бас говь нутгийг нь үзэж сонирхохыг хүсдэг" тухайгаа ярилаа.
Тэрбээр "Биднийг авто угаалгын газар ажиллаж байгааг зургийг хараад олон хүн зорин ирж үйлчлүүлж байна. Нэг пост бичихэд бүр 2000 лайк авсан байсан" хэмээн гар утаснаасаа үзүүлэв.
Янз бүрийн маркийн автомашиныг гурвуулаа нийлээд дор нь угаана. Машин угаахдаа эхлээд усаар заавал норгож хир, шороог дэвтээнэ. Михайль орост барилгын ажил хийж байсан бол Дима ТЭЦ-д дулааны инженерээр ажиллаж байсан гэв. Михайлийн хувьд таван жилийн өмнө авто угаалгын газар ажиллаж байсан учраас илүү туршлагатай гэдгээ хэлж байв.
Харин Дима хоёр дахь удаагаа авто угаалгын газар ажиллаж буй. Тэрбээр "Ажлын ачаалал дажгүй. Хамт ажиллаж байгаа хүмүүс маань надад зааж, сургаж байгаа. Одоо машин угааж сурсан" гэв.
Тэдний хувьд цаашдын зорилго, ар гэрийнхнийхээ тухай ярих хүсэлгүй байгаагаа илэрхийлж байв. Тэд зовлон ярьж шалтаглаж суухыг хүсэлгүй чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байна.