Дэлхийн амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг Сингапур энэ онд дахин тэргүүлж, Нью-Йорк хотын хамт эхний байрт бичигдсэн талаар Их Британид төвтэй “Economist Intelligence Unit” байгууллага мэдээллээ.
Ингэснээр Сингапур сүүлийн 10 жилийн хугацаанд найм дахь удаа жагсаалтыг тэрүүлсэн байна. Харин өнгөрсөн онд нэгдүгээрт жагссан Тель-Авив хот энэ оны жагсаалтын гуравдугаарт бичигдсэнийг 172 хотыг хамруулсан амьдрах өртгийн шинэ судалгааны дүн харуулжээ.Судалгаанд наймдугаар сарын 16-наас есдүгээр сарын 16-ны хооронд явуулсан санал асуулгыг эш татан мэдээлснээр, энэ онд амьжиргааны дундаж өртөг 8.1 хувиар өссөн байна. 2021 оны судалгаагаар энэ үзүүлэлт 3.5 хувийн өсөлттэй гарч байжээ.“Economist Intelligence Unit” байгууллагын шинжээч Упасана Датт энэ онд инфляц өссөн шалтгааныг Хятадын “COVID-19”-тэй тэмцэх бодлогоос үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний саатал тасалдал, Орос-Украины дайнтай холбон тайлбарласан байна. Судалгаагаар шатахууны үнэ хамгийн их өссөн болохыг тогтоосон бөгөөд жилийн өмнөхөөс дунджаар 22 хувиар өсжээ.
Нью-Йорк хотын хувьд энэхүү жагсаалтыг анх удаа тэргүүлсэн бол АНУ-ын бусад хотууд ч мөн энэ удаагийн жагсаалтад нэлээд олон байраар урагшилжээ. Тухайлбал, 2021 онд есдүгээрт бичигдэж байсан Лос-Анжелес энэ онд дөрөвдүгээр байрт, өнгөрсөн онд эхний 10-т багтаагүй Сан-Франциско энэ жил наймдугаарт жагссан байна.Мөн хамгийн их өсөлт үзүүлсэн 10 хотын зургаа нь Америкийн хотууд байсны дунд Атланта, Сан-Диего, Бостон багтжээ. Харин Сингапурын хувьд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нь гайхах зүйл биш юм. Өнгөрсөн онд тус хот жагсаалтын хоёрдугаарт Паристай цуг бичигджээ.Энэ онд үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш унасан орнуудын хотууд өмнөх жагсаалттай харьцуулахад олон байраар ухарсан байна. Японы Осака хот энэ онд 43 дугаарт жагссан нь өмнөх онд 10 дугаарт бичигдсэнтэй харьцуулахад огцом уналт болжээ. Мөн БНСУ-ын Бусан хот өнгөрсөн оныхоос 25 байраар ухарч, 106 дугаарт жагсаж байна.
“Economist Intelligence Unit”-ийн тайланд дурдсанаар, инфляц удахгүй буурч эхлэх төлөвтэй байна. Тодруулбал, энэ онд дунджаар 9.4 хувьтай байгаа инфляцын түвшин 2023 онд 6.5 хувьд хүрч буурах төсөөлөл гарчээ. Инфляцыг бууруулах арга хэмжээнүүдийн үр дүн ирэх оноос гарч эхэлнэ гэж У.Датт ярьсан байна.
2022 оны амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалт
- Сингапур
- Нью-Йорк
- Тель-Авив
- Хонконг
- Лос-Анжелес
- Цюрих
- Женев
- Сан-Франциско
- Парис
- Копенхаген
- Сидней