Монгол тулгар төрийн 2231, Их Монгол улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд зориулсан энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна.
Үзэсгэлэнд Монголчуудын уламжлалт гар урлалын бүтээлүүдээс гадна алдар цуут бөхчүүдийн эдэлж хэрэглэж байсан хувцас хэрэглэл, хурдан морины хүүхдийн хувцас, өмсгөл, нум сум, товх болон шагайн харвааны эд эдлэл зэрэг олон сонирхолтой цуглуулгыг дэлгэж буйгаараа онцлогтой юм. Тухайлбал, Монголчуудын хайртай бөх дархан аварга Б. Түвдэндоржийн эдэлж хэрэглэж байсан тэрлэг, түрийн боолт, гутлын ногт үзэсгэлэнд тавигджээ.
Тус үзэсгэлэн нээлтээ хийж буйтай холбогдуулан Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал:
-Энэ жилийн хувьд маш их онцлогтой. Бидний мэдэж байгаачлан ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр эхэлж байна. “Ковид-19” дэлхий нийтийг хамарсан аюулт өвчнөөс болж сүүлийн хоёр жил монгол наадамдаа зориулсан үзэсгэлэнг гаргаагүй. Өнөөдрийн гарч байгаа үзэсгэлэнгийн гол утга учир нь даяаршиж байгаа энэ цаг үед бидэнд юу үлдэх вэ гэхээр дэлхийд цуутай энэ сайхан монгол наадам, монгол ахуй, нүүдэлчин соёл маань л үлдэн гэв.
Манай сан хөмрөгт хадгалагдаж байгаа 150 гаруй үзмэрүүдийг бүх монголынхоо ард түмэнд баярын өдрүүдэд дэлгэн үзүүлж байна. Бид монгол бөхөөрөө, монгол сураараа, монгол морьдоороо, хүүхдийн гийнгоогоор баярладаг. Ирээдүй хойч үе болсон залуучууддаа наадмаа дархалж, монгол үндэстнийг дэлхийд таниулах зорилготойгоор уг үзэсгэлэнгээ дэлгэн үзүүлж байна. Жуулчид манай үзэсгэлэнг ихээр сонирхож байгаа. Та бүхнийг наадмын өдрүүдэд монголын үндэсний музейд саатаж “монгол наадам” үзэсгэлэнг өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг хүсч байна.