Крымд халдахын завдсан аливаа оролдлогыг Орост дайн зарласан гэж үзэх болно. НАТО-гийн гишүүн орон ийм алхам хийсэн тохиолдолд Умард Атлантын эвслийг бүхэлдээ мөргөлдөөнд орсон гэж үзэх болно. Энэ нь дэлхийн гуравдугаар дайн байх болно гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн Дмитрий Медведев “аргументы и факты” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр Украин НАТО-д элссэн тохиолдолд ямар үр дагавар гарах талаар ийн мэдэгдсэн байна.
Швед, Финландын НАТО-д элсэх талаар Д.Медведев ОХУ-д ямар нэгэн шинэ заналхийлэл учруулахгүй хэдий ч хилээ бэхжүүлэх арга хэмжээ авахад хүрнэ хэмээн онцолжээ. Тэрбээр “Оросын “Искандер”-уудыг үүдэндээ тулгуулж, НАТО-гийн ивээл дор хамгаалуулахын тулд татвар төлөх нь нэр дэвшигч хоёр улсын иргэдэд таалагдахгүй л болов уу” гэж ярьжээ. Түүний хэлснээр, “Швед, Финланд улс Орос улстай өмнө нь хангалтай хүндэтгэсэн, сайн харилцаатай байсан. Эдгээр улстай ОХУ ямар нэгэн газар нутгийн маргаан байхгүй. Хэрэв эдгээр улс тус эвсэлд нэгдсэнээр илүү тайван байх бол тааллаараа л болог” гэв.
Гэсэн хэдий ч ОХУ хариу алхам хийхэд бэлэн байна. НАТО өргөжсөнөөр тус эвсэлтэй залгаа хуурай замын хилийн урт хоёр дахин нэмэгдэнэ. Энэ тохиолдолд Орос хилээ бэхжүүлнэ. Балтын цөмийн зэвсэггүй статус өнгөрсөн үед үлдэж, хуурай замын болон тэнгисийн цэргийн бие бүрэлдэхүүн мэдэгдэхүйц зузаарна. Гэрийнхээ босгон дээр Оросын “Искандер”, хэт авиан пуужин, цөмийн зэвсэг бүхий хөлөг онгоц байрлуулсныг харахыг тэр бүх хүсэхгүй л болов уу гэж Медведев мэдэгджээ.