Дуучин Ука ирэх сард хайр түгээхээр бэлдээд байна
Хайр гэж таны бодлоор юу вэ? Хайр таны амьдралд хэр том орон зай эзэлдэг бол? Хайраа хэрхэн яаж илэрхийлэх вэ? Эдгээр асуултад хүн бүр өөр өөрийн гэсэн хариулттай байдаг биз ээ. Харин дуучин Укагийн хувьд хайр бол хамгийн хүчтэй мэдрэмж бөгөөд “хүнийг хөгжимддөг, дуу зохиоход, бүжиглэхэд хүргэдэг” агуу зүйл гэлээ. Эдгээр гоёмсог илэрхийллүүдээ тэрээр та бүхэнд яг одоо танилцуулж буй “Dance With Me” дууны үгэндээ шигтгэж өгсөн гэнэ. Мөн тэрээр хайрыг зөвхөн хөгжмөөр л илэрхийлэх боломжтой гэж үздэг учир нийгэмд, өдөр тутмын бидний амьдралд байгаа хар бараан бүхний эсрэг тэнцвэржүүлэхээр, бидний дотор буй хайрыг сэргээхээр зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Steppe Arena ордонд бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Цоо шинэхэн “Dance With Me” дууныхаа нэрээр нэрлэсэн энэхүү тоглолт нь дуучин Укагийн анхны олон нийтэд зориулсан, томоохон хэмжээний, бие даасан тоглолт гэдгээрээ онцлог бөгөөд угтаа бол 2020 оны арван нэгдүгээр сарын 20-нд Буянт Ухаа спорт цогцолборт хийхээр төлөвлөөд байсан ч цар тахлын хөл хорионоос болоод хойшилж, тохиромжтой цаг хугацааг удаан хүлээсний эцэст дараа сарын 10, 11-нд хийгдэхээр болжээ. Тоглолтыг зохион байгуулах баг дуучин Укагийн хэлснээр “маш гоё, мөрөөдлийн мэт баг” гэж байна. Тэднээс дурдвал, “Авьяаслаг Монголчууд”, “Voice Mongolia”, “Ододтой бүжиглэе” зэрэг шоуг зохион байгуулсан туршлагатай “VEP Entertainment Production”, маркетингийн ажлыг “Brainstorm Branding Agency”, тайзны дэглэлтийг харин “VEP”, “Mongol Mix Project”-ийн авьяаслаг, бүтээлч залуучууд хамтран хийж байгаа юм. Мөн тэрээр түүний хайр түгээх, хайраа илэрхийлэх үйлсийг бодит болгоход гүн туслалцаа үзүүлж буй ерөнхий ивээн тэтгэгч “Storepay” үйлчилгээнд онцгойлон талархаж байна.
Ингээд өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй, түүнийгээ гайхалтай гэмээр донжтой илэрхийлж чаддаг уран бүтээлч Укагийн цоо шинэхэн клипийг хүлээн авна уу.