“Монголын төмөр зам” ТӨХК “Төмөртэй” өртөөгөөр энэ оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 1.574697 тн ачаа тээвэрлэж, 2020 төлөвлөгөөгөө 104.98 хувиар давуулан биелүүлжээ.
“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 4 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км зайд байрладаг хүлээн авах, явуулах 6, ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн “Төмөртэй” өртөөнөөс төмөр замын тээвэрлэлт хийж эхэлсэн.Энэ нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын болон уурхайн ачилтын пункт, замын хэсгийн байр гэсэн үндсэн хэсгээс бүрдэж, сүүлийн үеийн техник технологи бүхий дохиолол холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглосон 33.4 км урт төмөр зам юм.
Одоогоор Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас БНХАУ руу жилд дунджаар 1.2 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэж байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Батсүх хэлэхдээ, “Өртөөний өдөр тутмын ажил, аюулгүй байдалд хяналт тавих үзлэгээр бодит байдалтай танилцаж, ажилчдын санал хүслийг сонсох, өртөөний аж ахуйг бэхжүүлэх, ашиг орлогоо нэмэх бололцоог судлахыг зорьсон. Төмөр замчид галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааг хос дугуй мэт зэрэгцүүлж авч явах нь чухал. Хүний амь нас бол юугаар ч төлж болшгүй эд. Гологдол, зөрчил гарна гэдэг нь байгууллагын зардал урсаж байна гэсэн үг. Энэ тал дээр та бүхэн ахиц дэвшил гаргасанд баяртай байна” хэмээн онцолсныг “Монголын Төмөр зам” ТӨХК-иас мэдээллээ